
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Саудын Араб улсад айлчилж, тус улсын ван Салмантай ганцаарчилсан уулзалт хийлээ. Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг угтан өчигдрийн уулзалтыг зохион байгуулсан байна. Өнгөрсөн онд Олон Улсын "5+1" бүлэг Ирантай цөмийн хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд нэгдүгээр сараас эхлэн Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсан нь Саудын Арабаас шүүмжлэл хүлээгээд байгаа.
Мөн Йемен, Сирийн хямралын талаар баримталж байгаа АНУ-ын бодлогод ч Эр-Рияд шүүмжлэлтэй хандаж, эдгээрээс үүдэн 2 орны харилцаанд таагүй уур амьсгал бий болсон гэж ажиглагчид дүгнэж байсан юм. Өчигдрийн уулзалтаар Обама дээрх таамгийн ор үндэсгүйг баталж, хоёр орон нөхөрсөг харилцаатай хэвээр байгааг харуулсан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлж байна.
Гэхдээ Обамаг Эр-Рияд хотын дарга хүлээн авсан, мөн түүний айлчлалыг Саудын Арабын телевизээр шууд дамжуулаагүй зэрэг нь хоёр орны харилцаа хүйтэрснийг илт дохиолсон гэж хэвлэлүүд дүгнэж байна. Өнөөдөр Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Энд АНУ, Саудын Арабаас гадна Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Кувейт, Оман, Катар зэрэг орны төр засгийн тэргүүн нар оролцох юм. Тус уулзалтаар бүс нутгийн тогтвортой байдал, терроризмын эсрэг тэмцэл болон Ираны асуудлыг хөндөн хэлэлцэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Саудын Арабын вантай ганцаарчилсан уулзалт хийлээ | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.