Шууд Chart

АНУ-ын Флинт хотын ундны ус бохирдсон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэлээ

2016-04-21 15:14:31

АНУ-ын Мичиган муж улсын ерөнхий прокурор Флинт хотын ундны ус бохирдсон асуудлаар холбогдох албаны гурван хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ. Байгаль орчны хэлтэст ажилладаг төрийн хоёр албан хаагч Засгийн газарт Флинтийн усны хямралын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн, мөн Флинт хотын ус түгээх газрын ажилтан усанд хийсэн шинжилгээний дүнг өөрчилсөн хэрэгт буруутгагдаад байна. Эдгээр хэрэгт буруутай нь тогтоогдвол дээрх төрийн албан хаагчид тав хүртэлх жилийн хорих ял сонсох юм.

Та бүхэнд сануулахад, хөрөнгө хэмнэх зорилгоор Мичиган муж улсын Флинт хотыг хоёр жилийн өмнө буюу 2014 онд Детройтын ус хангамжийн системээс гаргаж, Флинт голоос ундны усаа авдаг болгосон. Гэвч голын хатуулаг ихтэй ус дамжуулах хоолойд олон жил хуримтлагдсан хар тугалгыг зөөвөрлөж, иргэдээс усны амт, үнэртэй холбогдсон гомдол гарах болсноос гадна үс унах, хөндүүртэй яр гарах, хүүхдүүдийн зан төлөв өөрчлөгдөж, ядарч сульдах, хөл, гар нь татаж, ходоод гэдэс нь өвдсөн тохиолдол ихэссэн байна. 100 мянган хүнтэй Флинт хотыг өнгөрсөн оны 10 дугаар сараас Детройтын ус хангамжийн системд буцаан  холбосон боловч иргэдийн гомдол зарга тасрахгүй байсаар АНУ даяар анхаарал татсан асуудал болсон юм.

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн нэгдүгээр сард тус хотод онц байдал зарлаж, мөрдлөг шалгалт эхлүүлсэн. Иргэд жил гаруй хар тугалгад хордсон ус хэрэглэсэн нь засаг захиргааны хариуцлагагүй байдлын ил тод жишээ гэж Флинт хотынхон үзэж байгаа юм. Мичиган муж улсын ерөнхий прокурор энэ асуудалд буруутай албан тушаалтан бүрт хэргэм зэргээс нь үл хамааран хариуцлага тооцно гэдгээ сая мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын Флинт хотын ундны ус бохирдсон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэлээ  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй