
Өнөөдөр эх дэлхийгээ хайрлан дээдлэх, байгаль орчноо хамгаалах, энэ талаар олон нийтээс дэмжлэг цуглуулах аян, үйл ажиллагааг өрнүүлдэг “Эх дэлхийн өдөр” болж байна. Энэ өдрийг тохиолдуулан АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Дэлхийн 155 орон, тэдгээрийн дотор хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлдэг БНХАУ, АНУ энэ ёслолд оролцож, Парисын гэрээнд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Парисын гэрээ гарын үсэг зурахад нээлттэй болсон эхний өдөртөө хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн түүхэн амжилтын эзэн болно гэдгийг шинжээчид онцолж байна. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдэмгий хөдлөөгүй нөхцөлд биологийн олон төрөл зүйл нэмж устах, далайн түвшин нэмэгдэж эргийн бүсүүд усанд автах, цаг уурын гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэх бүрхэг ирээдүй биднийг хүлээж байна.
Үүнийг ухамсарласан улс орнуудын удирдагчид дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмд тогтоон барих зорилго бүхий Парисын гэрээг хэрэгжүүлэхийн тулд бүх хүчин чадлаа дайчилна гэдгээ амлаж байна. Дэлхийн хүлэмжийн хий 55-аас доошгүй хувийг ялгаруулдаг 55 буюу түүнээс дээш улс нэгдэн орсон тохиолдолд Парисын гэрээ хүчин төгөлдөр болно. Улс бүр гарын үсэг зурахаас гадна дотооддоо хэлэлцэж, дэмжлэг авсны дараа соёрхон баталснаар гэрээнд нэгдэн орох учиртай юм.
Өмнө нь байгаа энэ хүнд давааг үл харгалзан Парисын гэрээ 2020 он буюу Киотогийн протоколын хэрэгжих хугацаа дуусахаас өмнө хүчин төгөлдөр болох боломж байна гэж шинжээчид дүгнэж байна. Гэрээ эрт хэрэгжиж эхлэх тусам хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах улс орнуудын хүлээсэн үүрэг амлалт заавал биелүүлэх шинжтэй болж, дэлхийн дулаарлыг сааруулахад жинтэй нөлөө үзүүлэх юм.
Өнөөдөр Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.