
Эквадорын эрх баригчид сая болсон газар хөдлөлтийн хор хохирлыг арилгах хөрөнгийн эх үүсвэр олох зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна. Үүнтэй холбогдуулан тус улс олон улсын зээлдэгчдээс 600 сая доллар босгоод байна. Мөөн зарим төрлийн татварыг түр хугацаанд нэмэгдүүлж, төрийн өмчийн хөрөнгөөс худалдах, олон улсын зах зээлд шинэ бонд гаргахаар төлөвлөж байна. Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 570 хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Амь үрэгдэгсдийн дотор гадаадын 11 иргэн байгааг албаныхан тогтоожээ. Энэ дунд Их Британи, Ирланд, Колумб, Доминикан улсын иргэдээс гадна Эквадорт үүрэг гүйцэтгэж явсан Канадын 2, Кубын 3 эмч байгаа юм. Эрлийн ажиллагаа цааш үргэлжлэх явцад амь үрэгдэгсдийн тоо дахин нэмэгдэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Эквадорын эргийн бүс нутагт учирсан гарз хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд 2-3 тэрбум доллар шаардлагатай гэж тус улсын ерөнхийлөгч мэдэгдэв.
Газар хөдлөлтийн улмаас Эквадорын эдийн засгийн өсөлт 2-3 хувиар буурна гэж шинжээчид үзэж байна. Газрын тосны үнийн уналтаас үүдэн эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьд хүрч, хөрөнгө оруулалт ч буурсан тус улсад энэ мэдээ хүндхэн цохилт болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Аврах ажиллагаа үргэлжлэх хооронд өчигдөр үүрээр Эквадорын эрэг хавийн бүс нутагт дахин 6,2 магнитудын газар хөдлөлт болсон талаар Номхон далайн цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төв уламжилсан. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 7 мянга хүрсэн мэдээ байгаа юм. Мөн 2 мянга орчим барилга нурж сүйдэж, 24 мянган хүн түр хорогдох газар байрлаж байна. Улс орнууд эдгээр хүмүүст хүнс, шаардлагатай бараа бүтээгдэхүүний тусламж илгээж байгаа бол аюулгүйн албаны 14 мянган албан хаагч дэг журам сахиулж байна.
Эквадорт газар хөдлөлтийн хор хохирлыг арилгахад хоёр тэрбум ам.доллар шаардлагатай | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.