Шууд Chart

Туйлын туяа сансраас

2016-04-23 12:01:17

Хойд болон өмнөд туйлын туяа сансраас хэрхэн үзэгддэгийг харуулсан дүрс бичлэг энэ 7 хоногт цацагдлаа. Олон улсын сансрын станцаас “Ультра HD”, 4K ч гэгддэг, ‘HD” үзүүлэлтээс 2 дахин өндөр нягтралаар хийсэн энэ бичлэгийг АНУ-ын сансар судлалын агентлаг цахим сүлжээнд байрлуулсан байна.

Нарны шуурга дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж, энэ үеэр цахилгаан цэнэг бүхий электрон, протонууд дэлхийн агаар мандлын дээд давхарга дахь цэнэггүй атомуудтай мөргөлдөх үед туйлын туяа үзэгддэг юм байна.

Туйлын туяа ихэвчлэн бүдэг ногоон, ягаан өнгөтэй харагддагаас гадна улаан, хөх, шар, улбар шар өнгөтэй ч байдаг. Өнгөнүүд хоорондын үйлчлэлцлээр туйлын туяа ямар ч өнгөтэй үзэгдэх боломжтой гэж эрдэмтэд үздэг юм. Мөн судлаачид тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар хэт яагаан, хэт улаан туяа ч үзэгддэгийг илрүүлжээ. Умард туйлын туяаг Аврора Бореалис, Өмнөд туйлын туяаг Аврора Австралис гэдэг байна.

 

Олон улсын сансрын станцад байрлаж байгаа сансрын нисгэгчдэд туйлын туяа хэрхэн үзэгддэгийг бичсэн энэ бичлэгийг НАСА-гийн харьяа 4К нягтрал бүхий суваг үйл ажиллагаа явуулж эхэлснийг тохиолдуулан нийтэлжээ. Туйлын туяа нь дэлхийн соронзон туйлын 2 төвөөс 2500 км радиуст хамгийн элбэг үзэгддэг байна. Умард туйлын туяаг Аляска, Сибир, Скандинавын хойгийн орнууд, Гринландаас үзэх боломжтой бол Өмнөд туйлын туяаг Антрактид, Шинэ Зеланд, Австралийн өмнөд хэсгээс олж харах боломжтой юм. Та бүхэнд сонирхуулахад, бусад гарагийн соронзон туйлуудад ч бас туйлын туяа үзэгдэх тохиолдол ажиглагддаг байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туйлын туяа сансраас  
Үзсэн: 5962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй