Шууд Chart

БНХАУ-ын хөлөг онгоцууд Сенкаку бүлэг арлын усан хилд нэвтэрчээ

2016-04-25 11:56:00

Хятад, Япон хоёр орон газар нутгийн маргаантай байдаг бүс нутагт Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд үзэгдсэн тухай мэдээ ирж байна. Японы эргийн харуулын албаныхны мэдээлснээр Хятадын гурван хөлөг онгоц Дорнод Хятадын тэнгис дэх Японы нэрлэдгээр Сенкаку, Хятадын нэрлэж заншсанаар “Диао Юү Дао” гэгддэг бүлэг арлын усан хилд нэвтрэн оржээ.

Өчигдөр өглөө эдгээр хөлөг онгоц Сенкаку арлын ойролцоох нутаг дэвсгэрийн усанд 90 минут орчим үзэгдсэн байна. Үүний дараа Хятадын хөлөг онгоцууд арлаас баруун өмнөд тийш 27 км зайд хоёр орны хил хэсэгт үргэлжлүүлэн хөвжээ. Сенкаку арлыг Япон улс түүхэн эх сурвалж, олон улсын хууль тогтоомжид үндэслэн өөрийн газар нутгийн салшгүй бүрэн хэсэг мөн гэж үзэж байгаа.

Тус улс Хятадын хөлөг онгоцуудын сая гаргасан үйлдлийг эрс шүүмжлээд, энэ онд Хятадын хөлөг онгоц Японы усан хилд 11 дэх удаагаа нэвтэрч байгааг сануулсан байна. Үүний өмнө дөрөвдүгээр сарын 14-нд мөн ийм явдал болсон юм. Сенкаку арал Японы хяналтад байдаг ч Хятад, Тайвань тус арлыг өөрийн харьяа нутаг дэвсгэр гэж маргадаг.

Сенкаку арлын ойролцоо газрын тосны нөөц илэрсэн, мөн далайн эмийн ургамал болон загасны нөөцөөр баялаг бүс нутагт тооцогддог нь тус арлыг булаацалдах болсон гол шалтгаан гэж шинжээчид тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын хөлөг онгоцууд Сенкаку бүлэг арлын усан хилд нэвтэрчээ  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй