Шууд Chart

Австраличууд "Анзак" өдрөө тэмдэглэж байна

2016-04-25 12:16:50

Өнөөдөр Австрали, Шинэ Зеландын ард түмэн дайн тулаан, хямрал мөргөлдөөний үеэр цэргийн албанд хүчин зүтгэж, амь үрэгдсэн хүн бүрийн дурсгалыг хүндэтгэдэг “Анзак” өдөр тохиож байна. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрний эсрэг тулалдсан Австрали, Шинэ Зеландын зэвсэгт хүчнийхний дурсгалд зориулан “Анзак” гэх өдрийг анх санаачилж байсан түүхтэй.

Хоёр улсын хамтарсан хүчин 101 жилийн өмнөх энэ өдөр үүр цайх үеэр Галлиполид газардаж байжээ. Үүнтэй холбогдуулан жил бүрийн үүрээр дайнд оролцсон цэрэг дайчдад зориулан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах уламжлал тогтсон байна. Энэ оны хүндэтгэлийн ёслолд оролцохоор Мельбурн хотын дурсгалын сүмд 40 мянга гаруй хүн цугларсан байна. Энэ дунд Батлан хамгаалах салбарт зүтгэж байгаа эрэгтэй, эмэгтэй албан хаагчид, хал цэргүүд, ахмад дайчид ч байгаа талаар олон улсын хэвлэлүүд уламжиллаа.

Үүнээс гадна Австралийн нийслэл Канбера хот дахь Дайны дурсгалын үндэсний музейд 55 мянга орчим хүн хүрэлцэн очжээ. “Анзак" өдөр нь Австралийн үндэсний баярын өдрөөс илүүтэйгээр тус улсын ард түмний нэгдмэл байдлыг төлөөлж чадах өдөр гэж цугласан олны зарим нь сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австраличууд "Анзак" өдрөө тэмдэглэж байна  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй