Шууд Chart

Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоц аяллаа үргэлжлүүлж байна

2016-04-25 12:40:35

Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоц дэлхийн тойрон аяллаа амжилттай үргэлжлүүлж байгаа мэдээ ирлээ. Шатамхай түлш ашигладаггүй учраас энэ онгоц иргэний агаарын тээврийн салбарт байгальд ээлтэй шинэ технологийн эрин үеийг нээнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

Хавайн арлаас ниссэн “Солар Импульс” нисэх онгоц Номхон далай дээгүүр 56 цаг нислэг үйлдэж, АНУ-ын Калифорни мужид амжилттай газардсан байна. Дэлхийг бүтэн тойрох зорилготой “Солар Импульс”-ын цуврал нислэг өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотоос гараагаа эхэлсэн юм.

Зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү нисэх онгоцны далавчин дээр нарны гэрлээс эрчим хүч үүсгэгч 17 мянган хавтан суурилуулжээ. Эдгээр хавтан нь нисэх онгоцыг өдрийн цагт эрчим хүчээр хангахаас гадна шөнө ашиглах эрчим хүчийг батерейд нөөцлөх зарчмаар ажилладаг юм байна. Ингэснээр нисэх онгоц нарны эрчим хүчээр хоног дамнан нисэх боломж бүрджээ.

Өнгөрсөн онд Абу Дабигаас гарсан “Солар Импульс” Оман, Энэтхэг, Мьянмар улс, Хятадын Чончин, Нанжин хотын чиглэлд 6 цуврал нислэгийг 1 сар гаруйн хугацаанд амжилттай үйлдсэн юм. Үүний дараа Номхон далайг хөндлөн туулж, Хавайн аралд газардах хүнд давааг хоёр дахь оролдлогоороо амжилттай туулсан байна. Аяллын хугацаанд батерейнд хэт халалтын улмаас гэмтэл гарсныг засварлахын тулд Хавайд “Солар Импульс”-ын дэлхийн тойрон аяллыг найман сарын хугацаатай түр зогсоож, сая үргэлжлүүлсэн нь энэ юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоц аяллаа үргэлжлүүлж байна  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй