
Японы баруун өмнөд хэсэгт болсон газар хөдлөлттэй холбогдуулан тус бүс нутагт "Шинкансен" өндөр хурдны галт тэрэгний үйл ажиллагаа зогсоод байсан. Тэгвэл "Шинкансен" галт тэрэгний үйлчилгээг энэ пүрэв гараг гэхэд сэргээх боломж бүрдсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
10 хоногийн өмнө Кумамото мужид газар хөдлөлт болоход "Шинкансен" өндөр хурдны галт тэрэг замаасаа гарсан юм. Үүнээс гадна төмөр замын дэд бүтцэд 150 гаруй эвдрэл гарсныг шинжээчид тогтоосон байна. Эдгээрээс тухайлбал, дуу чимээ тусгаарлагч, өндөрлөсөн гүүр зэрэгт эвдрэл гэмтэл гарсан байжээ. Гэхдээ Кюүшюз төмөр замын компани засварын ажлыг шуурхай явуулж, галт тэрэгний үйлчилгээг хэсэгчлэн сэргээгээд байна. Замаас гарсан "Шинкансен" галт тэрэгний бүхээгүүдийг зөөвөрлөх ажил дууссаны дараа тус бүс дэх төмөр замын үйлчилгээг мөн сэргээх төлөвлөгөөтэй байгаа юм. Газар хөдлөлттэй холбогдсон шинэ мэдээ мөн ирж байна.
Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж, дунд сургуулийн байранд түр хорогдож байгаа иргэдийн дунд норовирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Албаныхан нэг иргэн энэ вирусаар өвчилснийг баталгаажуулсан бол эмнэлэгт хүргэгдээд байгаа 14 иргэнд мөн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Газар хөдлөлтөөс амь үрэгдсэн хүний тоо нэмэгдээгүй байна. Харин амьд үлдсэн хүний 12 нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанаас үүдсэн бие махбод, сэтгэл санааны дарамт, өвчлөлийн улмаас нас барсан талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Эхний газар хөдлөлтөөс хойш Японы баруун өмнөд хэсэгт 850 гаруй дайвар чичиргээ бүртгэгдсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бүс нутагт биеэр хүрэлцэн очиж, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан байна.
"Шинкансен" хурдны галт тэрэгний үйлчилгээг сэргээнэ | ||
Үзсэн: 1980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.