Шууд Chart

Чернобылийн атомын цахилгаан станцад цөмийн осол гарснаас хойш 30 жил өнгөрчээ

2016-04-26 16:16:33

Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р реакторт цөмийн осол гарснаас хойш 30 жил өнгөрчээ. Дэлхийн түүхэн дэх хамгийн том цөмийн гамшигт тооцогддог тус ослоор амь үрэгдэгсдийг нэхэн дурсах үйл ажиллагаа Украины олон бүс нутагт зохион байгуулагдаж байна. Цацраг идэвхт бохирдолд нэрвэгдсэн Украины Припять хот өнөөг хүртэл хөл хориотой бүс хэвээр байгаа юм.

Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р реакторт дэлбэрэлт болох үеэр 8 тонн цацраг идэвхт материал алдагдсан нь 60 мянган шоо дөрвөлжин километр газар нутгийг бохирдуулсан гэх тооцоо бий. Тус ослоор 31 хүн амь үрэгдсэнээс гадна 3.2 сая хүн цацраг идэвхт бодист хорджээ. Мөн цацрагийн хордлогод их хэмжээгээр өртсөн 4 мянга гаруй хүн хорт хавдрын улмаас нас барсан гэх тооцоог Олон улсын атомын энергийн агентлаг гаргасан байгаа юм.

Ослын дараа Чернобылийн цахилгаан станцаас 30 км радиус бүхий бүс нутагт хөл хорио тогтоон, жирийн иргэд энэ бүс нутагт зорчихыг бүрэн хориглосон байдаг. Харин 5 жилийн өмнөөс Украины Засгийн газар хориотой бүсийн зарим хэсгийг жуулчдад зориулан нээжээ. Хөл хориотой бүсийн зарим хэсэгт цацраг идэвхт бодисын хордлого өндөр хэвээр байгаа учраас хориотой бүсэд нэвтэрч байгаа жуулчдын бүлэг бүрийг мэргэжлийн хөтөч дагалддаг байна.

Зарим бүсэд цацраг идэвхийн хордлого мянга орчим рентген хүрсэн үзүүлэлттэй байгааг хэмжигч багажаар тогтоожээ. Үүний хагастай тэнцэхүйц цацраг идэвхийн бохирдолтой орчинд удаан хугацаагаар байсан нөхцөлд хүнийг үхэлд хүргэх аюултай гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Чернобылийн атомын цахилгаан станцад цөмийн осол гарснаас хойш 30 жил өнгөрчээ  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй