
Европын холбооны нэгдмэл байдал, түүнд нүүрлэсэн аюул заналын тухай хэлэлцэхээр тус холбооны том гүрнүүд АНУ-тай хамтарсан уулзалт хийлээ. Германы Ханновер хотноо болсон энэ дээд хэмжээний уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Герман улсад хийсэн айлчлалын сүүлийн өдөр зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог байлаа.
Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчөөс гадна Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Италийн Ерөнхий сайд Маттео Ренци нар оролцсон байна. Хаалттай өрнөсөн тус уулзалтаар Их Британи Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах тухай асуудал, мөн тус тивд нүүрлэсэн цагаач дүрвэгчдийн хямрал, Сири, Украин, Ливи болон ОХУ-ын талаар хөндөн хэлэлцсэн мэдээ байна.
Мөн нэг сар орчмын өмнө Бельгийн нийслэл Брюссель хотноо гарсан цуврал халдлагатай холбогдуулан "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй тэмцэх асуудал яриа хэлэлцээний нэг гол сэдэв байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Герман дахь айлчлалынхаа үеэр Номхон далай дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжилтэд оруулах ажлыг яаравчлах хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудал ч уулзалтын үеэр хөндөгдсөн болов уу гэж ажиглагчид үзэж байна.
АНУ, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт болов | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.