Шууд Chart

Эквадорын газар хөдлөлтийн чимээгүй хохирогчид: Тэжээвэр амьтад

2016-04-26 16:30:55

Эквадорт 7,8 магнитудын газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 655-д хүрэхтэй зэрэгцэн олон тэжээвэр амьтан гэрээсээ төөрч, эзэнгүй орхигдсон тухай мэдээ ирж байна. Амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ажилчид байгалийн гамшгийн чимээгүй хохирогч болсон эдгээр амьтанд тусламжийн гараа сунгаж байгаа юм. Олон нохой гэр нь байсан барилга байшингийн нурангины өмнө хэзээ ч ирэхгүй болсон байж мэдэх эздээ хүлээн хоног төөрүүлж байна.

Мөн зарим нохой нурангийг зайлуулах ажилд эрлийн ажилчдын хамт оролцож байгаа сэтгэл хөдөлгөм явдлыг ч сэтгүүлчид гэрчилжээ. Эзэнгүй орхигдсон, гэмтэж шархадсан амьтдад туслуулахаар малын эмч нараас бүрдсэн мэргэжлийн багийг гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу илгээсэн байна.

Мөн амьтдад зориулсан 300 кг хоол хүнсийг гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу хүргэжээ. Төрөл бүрийн гамшигт үзэгдлийн үед тухайн бүс нутгийн оршин суугчдаас гадна тэжээвэр амьтдад хүнд цаг үе тулгардаг болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Аврах багийнхан газар хөдлөлтийн хохирогч болсон Эквадорын эргийн бүсийн оршин суугчид, тэдний тэжээвэр амьтдад туслахын тулд чадах бүхнээ хийж байгааг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Эрлийн ажиллагаанд олон тооны үнэрч нохойг ашиглаж байгаа. Эдгээр нохдын нэг болох 4 настай, лабрадор үүлдрийн Даяко нэрт үнэрч нохой эрлийн ажиллагаанд оролцох явцдаа нурангин дороос 7 амьд хүн илрүүлжээ. Гэхдээ эрлийн ажиллагааны ачааллыг дийлэлгүй, энэ баатарлаг нохой өнгөрсөн баасан гарагт нас барсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эквадорын газар хөдлөлтийн чимээгүй хохирогчид: Тэжээвэр амьтад  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй