
Японы "Мицубиши Моторс" компани үйлдвэрлэсэн авто машиныхаа түлш зарцуулалтын хэмжээг худал мэдээлж байсан гэдгээ саяхан хүлээсэн. Тэгвэл энэ асуудлаар цааш шалгалт хийх явцад "Мицубиши"-гийн инженерүүд авто машины түлш зарцуулалтыг хэмжихдээ ашиглаж байгаа арга барил тус улсад үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг илрүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт "Мицубиши Моторс" компанийн удирдлага хэвлэлийн бага хурал зарлаж, зарим загварын авто машиныхаа түлш зарцуулалтыг бодит түвшнээс бууруулан мэдээлж байснаа хүлээсэн юм. Нийт 625 мянга орчим авто машин энэ хэрэгт холбогдсон гэж тус компани мөн мэдээлсэн. Энэ асуудлаар нарийвчилсан тайлан гаргаж, Японы тээврийн яаманд хүргүүлснийхээ дараа "Мицубиши"-гийн удирдлага дахин нэг удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.
Өчигдөр болсон энэ хурлын үеэр "Мицубиши" авто машиныхаа түлш зарцуулалтыг бодит түвшнээс зөрүүтэй тогтоох арга барил 1991 онд анх нэвтэрч, 25 жил өөрчлөгдөлгүй дагаж мөрдөгдсөн гэдгийг олон нийтэд мэдээллээ. Энэ явдалтай холбогдуулан "Мицубиши Моторс" компанийн Ерөнхийлөгч Тэцуро Айкава түлш зарцуулалтын худал мэдээлэлд үндэслэн тус компанийн авто машиныг худалдан авсан хэрэглэгчдээс уучлал гуйсан байна.
"Мицубиши" авто машины түлш зарцуулалтыг 25 жилийн турш худал мэдээлсэн гэв | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.