Шууд Chart

“Токио-2020” зуны олимпийн наадмын логог олон нийтэд танилцууллаа

2016-04-27 12:50:57

“Рио-2016” зуны олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Тэгвэл Бразилийн дараа зуны олимпийн наадмын буухиаг үргэлжлүүлэх Япон улс “Токио-2020”-ын хос логог олон нийтэд албан ёсоор танилцууллаа. 

Өнгөрсөн онд “Токио-2020” зуны олимп, паралимпын 32 дахь наадмын логог сонгон шалгаруулаад байсан ч, шалгарсан оролцогч нь Бельгийн дизайнерын санааг хуулбарласан гэх маргаанаас үүдэн дээрх логог хасаж, дахин сонгон шалгаруулалт явуулсан юм.

Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтад 14 мянга гаруй оролцогчийн ирүүлсэн бүтээлээс дөрвөн логог эцсийн шатанд үлдээж, энэ дундаас 40 мянга гаруй хүнээс ирсэн санал бодлыг харгалзан үзсэний үндсэн дээр энгийн, нэг өнгө дагнасан шатрын нүдэн хээ бүхий хос логог ялагчаар шалгаруулжээ.

Логоны өмнөх загварыг цуцласнаас долоон сарын дараа “Токио-2020” шинэ логогоо ийнхүү сонголоо. Өмнөх удаагийн сонгон шалгаруулалтад ил тод байдал дутагдаж байсан талаар шүүмжлэл их гарсан учраас энэ удаагийн шалгаруулалтад олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзсэн гэдгээ зохион байгуулагчид нь онцолж байна.


Шалгаруулалтад өрсөлдсөн бусад загваруудаас...


“Токио-2020”-ын олимп, паралимпын хос лого олимпийг санхүүжүүлэгч байгууллагуудын зар сурталчилгаанд ашиглагдах юм байна. Мөн дөрвөн жилийн дараа эхлэх олимпийн наадмын үеэр худалдаалагдах албан ёсны бараа бүтээгдэхүүнүүд дээр хэвлэгдэх юм. Энэ хос лого нь соёл уламжлалын олон талт байдлаар дамжуулан дэлхийн улс орнуудыг холбох санааг илэрхийлсэн гэж тайлбарлаж байна. Шалгарсан хос логог Японы дизайнер Асао Токоро урлажээ.


Олимпийн наадмуудын лого


Маргаан үүсгэсэн лого

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Токио-2020” зуны олимпийн наадмын логог олон нийтэд танилцууллаа  
Үзсэн: 5104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй