
Дундговь аймгийн музей ирэх тавдугаар сарын 2-15-нд Хүрлийн үеийн үзмэрүүдээ Монголын Үндэсний музейд дэлгэх гэж байна.
Монгол орны өргөн уудам нутаг түүх, соёлын дурсгалаар арвин баялаг бөгөөд тэдгээрийн дотор Хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн өв олон бий. Хүрлийн үеийн олдвор нь дөрвөлжин булш, шоргоолжин булш, бунхан, хирэгсүүр, тахилга тайлгын онгон дотроос болон түүвэр байдлаар нилээдгүй олддог билээ. Энэхүү түүвэр олдворын арвин цуглуулгыг бүрдүүлж чадсан Монголын цөөн музейн нэг бол Дундговь аймгийн музей юм.
Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчин овог, аймгийнхан хөгжлийнхөө явцад зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан бөгөөд энэхүү үе ойролцоогоор МТӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрчээ. Дундговь аймгийн музейн сан хөмрөгт одоогоор 700 гаруй хүрэл үзмэр эд өлгийн зүйлс байдаг ажээ. Хүрлийн үеийн хүмүүсийн хийж байсан бүтээлүүд нь хүрэл сумны зэв, хүрэл хутга, хүрэл ооль, цүүц, хүрэл халбага, хүрэл шөвөг, хүрэл арал, хүрэл ээмэг, хүрэл толь, хүрэл хонх зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлс байдаг.
Дундговь аймгийн музейн лого болох морь барьж буй чонын дүрс бүхий хүрэл үзмэр нь түүх, соёлын үнэт зэрэглэлд бүртгэгдсэн байдаг аж.
Дундговь аймгийн музей Хүрлийн үеийн үзмэрүүдээ нийслэлд дэлгэнэ | ||
Үзсэн: 4930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.