
Өнөөдөр ОХУ-ын шинээр байгуулж байгаа "Восточный" сансрын буудлаас анх удаа "Союз" пуужинг сансарт хөөргөх гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Союз" пуужинг сансарт хөөргөх ажиллагааг үзэхээр өөрийн биеэр "Восточный" сансрын буудалд хүрэлцэн очоод байна.
Судалгааны нэг том, хоёр жижиг хиймэл дагуул ачсан тус пуужинг орон нутгийн цагаар 11 цагт хөөргөнө гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Уг нь өчигдөр өглөө төлөвлөж байсан ч механикийн асуудлаас үүдэн пуужин хөөргөх ажиллагааг нэг хоногоор хойшлуулж, өнөөдөр гүйцэтгэхээр болсон юм. ОХУ өөрийн алс дорнод нутагт байгуулж байгаа "Восточный" сансрын буудлын байгууламжууд эхнээсээ ашиглалтад орж байгааг дохиолох энэ үйл явдлыг олон улсын зүгээс анхааралтай ажиглаж байна.
ЗХУ задран унасны дараа ОХУ Байконурын сансрын буудлыг Казахстанаас жил бүр үйл ажиллагааны зардалтайгаа нийлээд 225 сая орчим доллараар түрээсэлдэг болсон. Харин Москва хотоос зүүн тийш 6 мянга орчим километрийн зайд байгуулагдаж байгаа "Восточный" сансрын буудал ОХУ-ын Байконураас хараат байдлыг арилгах юм.
"Восточный" сансрын буудлыг байгуулах ажил 4 жилийн өмнө эхэлсэн. Сансрын буудлын иж бүрэн цогцолбор, мөн ойролцоох дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийтдээ 6-10 тэрбум доллар зарцуулагдаж байгаа гэж олон улсын шинжээчид тооцоолж байна.
Та бүхэнд эргэн сануулахад, "Восточный" сансрын буудал баригдах явцад ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаасаа хэд хэдэн удаа хоцорсон, авлига хээл хахуулийн дуулианд холбогдож эрүүгийн мөрдлөг шалгалтад ч хамрагдсан, мөн ажилчдын цалин хөлс нэхсэн жагсаал цуглаан зохион байгуулагдсан зэрэг олон хүндрэл бэрхшээл тулгарсан юм.
Өнөөдөр "Восточный" сансрын буудлаас анх удаа пуужин хөөргөнө | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.