Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл Иракийн Самава хотод халдлага зохион байгуулжээ

2016-05-02 16:34:05

Иракийн өмнөд хэсэг дэх Самава хотод авто машинд суурилуулсан 2 тэсрэх бөмбөг дэлбэрч, наад зах нь 32 хүн амь үрэгдсэн байна. Мөн 75 гаруй хүн шархадсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. "Исламын улс" алан хядагч бүлэглэл халдлагын хариуцлагыг цахим мэдэгдэл гарган, өөртөө хүлээжээ.

Эхний дэлбэрэлт орон нутгийн засаг захиргааны барилгын ойролцоо, харин 2 дахь дэлбэрэлт үүнээс 60 орчим метрийн зайд байрлах автобусны буудал дээр болсон гэж "Ройтерс" агентлаг орон нутгийн цагдаа нараас иш татан мэдээлж байна. "Исламын улс" алан хядагч бүлэглэл исламын шашны суннит урсгалынхан зонхилон суудаг Иракийн баруун болон хойд нутгийн дийлэнх хэсэгт хяналтаа тогтоосон. Харин тус улсын өмнөд хэсэгт алан хядах ажиллагаа харьцангуй цөөн гарч байсан юм.

"Исламын улс" алан хядагч бүлэглэл хяналтан дахь нутаг дэвсгэрээ алдаж байгаагийн хариу болгон халдлага дайралтаа эрчимжүүллээ гэж шинжээчид дүгнэж байна. Самава хот нь Иракийн Мутанна мужийн нийслэл хот. Тус хотод исламын шашны шийт урсгалынхан зонхилон амьдардаг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Исламын улс" бүлэглэл Иракийн Самава хотод халдлага зохион байгуулжээ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй