
Венесуэлийн сөрөг хүчний намынхан тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалан, олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өчигдөр тэд Венесуэлийн сонгуулийн төв хороонд өөрсдийн цуглуулсан 1.8 сая хүний гарын үсгийг албан ёсоор хүргүүлсэн байна. Газрын тосны үнийн уналтаас үүдэн тус улс хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд нэрвэгдээд байгаа.
Мөн инфляцийн түвшин нь гурван оронтой тоонд орж, онц онцтой гэмт хэргийн гаралт ч өссөн дүнтэй байгаа юм. Үүн дээр нэмэн ган гачгаас үүдэлтэйгээр ус, эрчим хүчний хязгаарлалт хийх болсон нь Мадурог Ерөнхийлөгчөөс огцрох хэрэгтэй гэх байр суурьтай иргэдийн тоог нэмэгдүүлжээ.
Венесуэлд бүх нийтийн санал асуулга явуулахад эхний шатанд тус улсын нийт сонгогчдын нэг хувийнх нь буюу 200 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатай байдаг. Харин тус улсын сөрөг хүчин болох Ардчилсан эв нэгдлийн эвсэл үүнээс хэд дахин илүү тооны гарын үсгийг хэдхэн хоногийн дотор цуглуулж чадсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Одоо Венесуэлийн сонгуулийн хороо гарын үсгүүдийг баталгаажуулсны дараа тус улсын сөрөг хүчин гарын үсэг нэмж цуглуулах шаардлагатай. Нийт сонгогчдын 20 хувь буюу 4 сая хүний гарын үсэг цугларсан тохиолдолд бүх нийтийн санал асуулгыг албан ёсоор зохион байгуулах боломж бүрдэх юм байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.