Шууд Chart

Мэдлэг инноваци баялаг: “Лион робот”, “Микро компьютер”

2016-05-03 11:17:35

Манай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын лабораториуд  ихэвчлэн гадны “Лего”, “Векс” зэрэг роботоор тоноглогдсон байдаг. Эдгээр робот нь эвдэрч, гэмтсэн тохиолдолд дотооддоо засварлах боломж хязгаарлагдмал, өртөг өндөртэйгөөс гадна ажлын заавар нь гадаад хэлээр бичигдсэн байдаг. Тэгвэл ШУТИС-ийн “Мэдээлэл холбоо технологийн сургууль”-ийн багш, оюутнууд дотооддоо сургалтын “Лион робот”-ыг зохион бүтээжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд оюутан, сурагч, хүүхэд багачуудынхаа зохион бүтээх чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх зорилготойгоор роботын тэмцээн, уралдаан ихээр зохион байгуулдаг. Манай улсад  энэ төрлийн  “ABU Robocon”, “Автомат робот”, “Мон робот” зэрэг тэмцээн, уралдаан цөөнгүй зохиогдох болсон. Ингэснээр мэргэжлийн их, дээд сургуулиудын оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн  роботоор үндэсний болон олон улсын  хэмжээнд зохиогддог тэмцээнд оролцож багагүй амжилт үзүүлсээр байна.  

Цагаан зураас даган уралддаг автомат роботын тэмцээнийг Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн  “High Tech” клуб  2009 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ тэмцээн 2013 оноос эхлэн оролцогчийн хүрээгээ тэлж, мэргэжлийн их, дээд сургуулиудын оюутнууд болон ЕБС-ийн сурагчид оролцох болсон юм.

ШУТИС-ийн МХТС-ийн бас нэг инноваци бол “Микро компьютер” буюу бичил удирдлагын төхөөрөмж. Тэд энэ микро компьютерийг ЕБС-ийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад зориулан зохион бүтээжээ. “Микро компьютер”-ийг хямд, авсаархан, хэрэглэхэд хялбар байх зориулалтаар хийсэн байна.  

ЕБС-иуд болон их, дээд сургуулийн сургалтын системд монгол инженерүүдийнхээ зохион бүтээсэн микро компьютер болон “Лион” роботыг нэвтрүүлээд эхэлвэл мэдлэгийг баялаг болгож байгаа нөхцөл бүрдэх юм.

“Лион” робот болон “Микро компьютер”-ийн тухай бэлтгэсэн “Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрнэ үү.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдлэг инноваци баялаг: “Лион робот”, “Микро компьютер”  
Үзсэн: 5504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.29.144.xxx] 2017-01-01 13:49
vne hed vee

Бидэнтэй нэгдээрэй