Шууд Chart

Хөдөлмөрчдийн баяраар Хятадын нийтийн тээврийн салбарын ачаалал эрс нэмэгджээ

2016-05-03 17:14:52

Аливаа баяр ёслолын үеэр манай өмнөд хөрш Хятадад тулгардаг нэг томоохон асуудал бол нийтийн тээврийн ачаалал. Учир нь гэр орноосоо хол сурч, ажиллаж амьдардаг олон сая хүнтэй тус улсын иргэд бүх нийтийн амралтын өдрүүдэд олон тоогоор гэр орноо зорин аялдаг юм.

Энэ үзэгдэл өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ч мөн тохиосон байна. Хятадын иргэд хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 2-ныг дуустал гурав хоног бүх нийтээр амарсан юм. Хятадын галт тэрэгний компанийн мэдээлснээр эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 10, 15 сая хүн галт тэргээр үйлчлүүлсэн гэх тооцоо гарчээ.

Нэмэлт амралтын өдрөө ашиглан Хятадын ард иргэд гэр бүл, төрөл төрөгсдөө зорьсноос гадна томоохон хотууд, аялал жуулчлалын алдартай бүсүүд рүү аялсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ийнхүү эрс нэмэгдэхийг урьдчилан бодолцож, Хятадын холбогдох албаныхан олон зуун галт тэргийг баярын өдрүүдэд нэмэлтээр ажиллуулжээ. Үүнээс гадна цахимаар тасалбар захиалах системийг ч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уртасгасан цагаар ажиллуулсан байна.

Мөн Хятадын томоохон хотын оршин суугчид ойрын аялалдаа галт тэрэг гэхээсээ илүү хувийн унаа, автобусаар үйлчлүүлэх хандлага нэмэгдэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Үүнээс үүдэлтэйгээр Бээжин, Шанхай хот, Гуандун, Лиаонин, Шаньдун, Жөжян зэрэг мужийн зарим хэсэг дэх хурдны замд түгжрэл үүссэн тохиолдол гарсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хөдөлмөрчдийн баяраар Хятадын нийтийн тээврийн салбарын ачаалал эрс нэмэгджээ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй