
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Дональд Трамп Индиана муж улсад болсон санал хураалтад тэргүүлсэн мэдээ ирж байна. Энэ удаагийн ялалт Трампын гол өрсөлдөгч Тед Крузын хувьд хүнд цохилт боллоо гэж хэвлэлд бичиж байна. Ийнхүү Индианад гол найдлагаа тавьж байсан Тед Круз ялагдал хүлээснийхээ дараа Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татахаар шийдвэрлэсэн талаар түүний кампанит ажлын менежер олон нийтэд зарлалаа.
Нью-Йоркийн тэрбумтан Дональд Трамп одоогийн байдлаар 1041 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдах намаас АНУ-д нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогдож байгаа. Түүний гол өрсөлдөгч нэрээ татсанаар ирэх долоодугаар сард болох Бүгд найрамдах намын их хуралд Дональд Трамп 1237 болон түүнээс дээш төлөөлөгчийн дэмжлэг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь бараг гарцаагүй болж байна. Харин Ардчилсан намын Индиана муж улс дахь сунгаанд хэн ялах нь одоогоор тодорхойгүй байна.
Тус намын сунгаанд ерөнхий дүнгээр тэргүүлж байгаа Хиллари Клинтон хамгийн олон саналтай яваа ч Вермонт муж улсын сенатор Берни Сандерс түүний араас ойр нэхэж буй юм байна. Үүний дараа энэ сарын 10-нд Баруун Виржини, 17-нд Орегон муж улсад намуудын Ерөнхийлөгчийн сунгаа үргэлжилнэ.
Тед Круз АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.