Шууд Chart

С.Баасандолгор: Хан-Уул дүүрэг 816 малчин өрхтэй

2016-05-05 15:44:33

Хан-Уул дүүргийн Засаг даргын Байгаль орчин, ХАА, дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч С.Баасандолгортой тус дүүргийн мал аж ахуй, фермер, тариалан эрхлэгчидтэйгээ хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажилладаг талаар цөөн хором ярилцлаа.

-Танай дүүргийн 3 хороог эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн бүс болгон баталсан байдаг. Ер нь хичнээн малчин өрхтэй вэ?

-Манай 12, 13, 14 дүгээр хороог эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон шийдвэрлэсэн. Энэ дагуу бусад хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байсан айл өрхүүдээ мал бүхий бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ малтай иргэдийн А дансыг үндэслэн газар олголтын ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан. Дүүргийн хэмжээнд 816 малтай өрх байгаагаас 26.4 хувийг 16-34 насны залуу малчид, 64.8 хувийг 35-аас дээш болон тэтгэврийн насны иргэд  тус тус эзэлж байна.

-Малчдадаа чиглэсэн ямар хөнгөлөлт урамшууллыг үзүүлж байна. Малчид руу чиглэсэн ажлуудыг хэр зохион байгуулдаг вэ?

-Энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс болон Нийслэлийн мал хамгаалах сангийн дэмжлэгээр малчин иргэдэд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл, хүчит тэжээл гэх мэт нийт 6 төрлийн тэжээлийг олгосон. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас болон дүүргийн онцгой байдлын хэлтсээс үнэ төлбөргүй өвс тэжээл малчдад олгосон. Дүүргийн зүгээс Биокомбинат буюу 12 дугаар хороонд малчдад зориулж зөвхөн мал услах зориулалттай худаг гаргаж өгсөн. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад зээл тусламжид малчдаа хамруулах үйл ажиллагааг манайх тогтмол зохион байгуулдаг. Техник тоног төхөөрөмж, өөрийнхөө аж ахуйн нэгжийн бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн том том хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Малчдын саналын дагуу дүүргийн 4 дүгээр хорооны Туул кондоминиун хороололд “Фермерүүдийн зах” ашиглалтанд орох гэж байна. Мөн саяхан манай дүүрэг малчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

-Малчдын зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг түлхүү ярилцав. Тодруулбал...?

-Зөвлөгөөний үеэр мал бүхий бүсэд карьерын аж ахуйн эрх их хэмжээгээр олгосны улмаас бэлчээр хомсдох, ус бохирдох, тоосжилт ихсэж асуудлууд үүсч байна гэсэн санал гомдолууд гарсан. Үүний дагуу эрчимжсэн МАА-н бүсэд карьерын эрх олгох асуудлыг дээд шатны байгууллагууд анхаарч, тоог нь хязгаарлах хэрэгтэй байна. Цаашдаа Нийслэлийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, сүү цагаан идээ, мах өндөгөөр хангах, үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл муудаж байна гэдгийг иргэд сануулж хэлж байсан.

Энэ үеэр төрөөс малчдад үзүүлж байгаа бодлого болон Нийслэлийн мал аж ахуйн эрчимжсэн МАА-н хэлтсийн мэргэжилтнүүд ирж мэдээлэл өгсөн. Малчны зээл, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдолын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Манай дүүрэгт 3 мал эмнэлэг байдаг. Мал эмнэлгүүд маань өнгөрсөн 3 жил хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнаж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

-Тариаланчдыг хэр дэмжиж байна. Жил бүр дүүргүүдэд “Ургацын баяр”-ыг зохион байгуулдаг шүү дээ?

-Тариаланчдаа дэмжих зорилгоор “Дэлхийн зөн”, “Адра” зэрэг олон улсын байгууллагууд дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран “Ажилчны алдар” талбайд 2 сарын хугацаанд шинэ ургацын ногоонуудаа зарах боломжийг олгодог.

Түүнчлэн манай дүүрэг БНСАУ-ын Хаман сумтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Гэрээний дагуу оны өмнө 12 дугаар сарын 8-29-ний хооронд фермерийн аж ахуй эрхлэгч 10 иргэнийг БНСАУ-ын Хаман суманд үнэ төлбөргүй сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан иргэд маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ жил хүлэмжийн аж ахуйдаа цэцэг үрслүүлж дүүргийн гадна талбайг цэцэгжүүлэлт хийж өгөхөөр болсон. Энэ мэт бие биенээ дэмжээд амжилттай ажиллаж байна

-Төвийн бүсийн иргэд хорооноосоо эсвэл цахимаар дүүрэгт болж буй мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг маш түргэн шуурхай авдаг болсон. Тэгвэл малчин айл өрхүүдэд мэдээллээ хэрхэн хүргэдэг вэ?

-Манайх алслагдсан 3 хорооны иргэддээ очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгдөг. Сар бүр мал эмнэлэг, өрхийн эмнэлэг, хорооны мэргэжилтнүүд очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгч хэвшсэн байгаа. Тиймээс цаг алдалгүй мэдээ мэдээлэл болон төрийн үйлчилгээг нэг дор авч чаддаг.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

С.Баасандолгор: Хан-Уул дүүрэг 816 малчин өрхтэй  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй