
Японы Үндсэн хуулийн 9-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр тус улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Японд шинэ Үндсэн хууль баталсны 69 жилийн ой өчигдөр тохиосон байна. Энэ ойтой давхцуулан Японы иргэд Үндсэн хуулийнхаа энх тайванч үзэл санааг хамгаалах жагсаал зохион байгуулжээ. Япон улсын Үндсэн хуульд тус улс өөрийн бүрэн эрх, тусгаар тогтнолд нь аюул занал учирснаас бусад тохиолдолд хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахыг хориглосон байдаг юм.
Японы одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар энэ тухай тусгасан Үндсэн хуулийн 9-р заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байгаа. Харин энэ санаачлагыг эсэргүүцсэн 50 мянга гаруй хүн өчигдөр болсон жагсаалд оролцсон байна. Жагсагчид Японы үндсэн хуулийн энх тайванч үзэл санааг хамгаалах тухай уриа лоозон барьсан байжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад өөрийн холбоотнуудаа хамгаалах зорилгоор хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах эрхийг нээсэн Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өчигдрийн жагсаалыг зохион байгуулагчид энэ хуулийг хүчингүй болгохыг шаардсан 12 сая гарын үсэг бүхий өргөдлийг тун удахгүй засгийн газар болон парламентдаа хүргүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал боллоо | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.