Шууд Chart

Сирийн Засгийн газар Алеппо хотод гал зогсоож магадгүй

2016-05-05 15:47:16

Сирийн хямрал эргэн даамжирч, хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа Алеппо хотын ойролцоох хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гаарч байгаа талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. "Би-Би-Си" агентлагийн мэдээлснээр сүүлийн 10 хоногт Алеппо хотноо Засгийн газар болон сөрөг хүчний босогчдын хоорондох тулаанд 250 гаруй хүн амь үрэгджээ.

Сирид намжмал байдал эргэн тогтоох олон улсын хүчин чармайлтыг үр дүнтэй болгохын тулд Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура даваа гарагт Женев хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзалт хийсэн.

Өчигдөр тэрээр ОХУ-д хүрэлцэн очиж, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзлаа. Уулзалтын дараа Сергей Лавров ярихдаа "ОХУ гал зогсоох хэлэлцээр үйлчилж байгаа бүс нутагт Алеппо хотыг хамруулах асуудлаар НҮБ, АНУ-тай хамтран ажиллаж байгаа" гэсэн байна. Энэ хүрээнд Сирийн Засгийн газар тун удахгүй Алеппо хотод гал зогсоохоор төлөвлөж байгааг тэрээр мөн мэдэгджээ.

Энэ хооронд Алеппо хотын Засгийн газрын хяналтад байгаа хэсэг рүү өчигдөр сөрөг хүчний босогчид пуужин харвасан тухай мэдээ ирж байна. Пуужинд эмнэлэгийн байр өртөж, 19 хүн амь үрэгдсэн гэж Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллага мэдээллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн Засгийн газар Алеппо хотод гал зогсоож магадгүй  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй