
Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бельги улсад хүрэлцэн очоод байгаа. Энд тэрээр Бельгийн төрийн дээд албан тушаалтнуудтай уулзсанаас гадна Брюссель дэх Европын холбооны төв байраар зочилжээ.
Японы засгийн газрын тэргүүнийг Евро комиссын дарга Жан Клауде Жанкер, Европын зөвлөлийн дарга Дональд Туск нар хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр талууд дэлхий нийтэд тулгамдаад буй эдийн засгийн хямралыг амжилттай гэтлэн давахын тулд уян хатан санхүүгийн бодлогыг зоригтой шинэчлэлийн хөтөлбөртэй хослуулах шаардлагатай гэдэг дээр санал нийлжээ.
Удахгүй болох “ИХ-7”-гийн уулзалтын гол сэдэв нь дэлхийн эдийн засаг болон терроризмтэй тэмцэх асуудлууд байх болно гэдгийг уг уулзалтын даргалах ноён Шинзо Абэ цохон тэмдэглэлээ. Түүнчлэн Японы тал Европын холбоотой стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх бодолтой явдагаа сануулсан байна. Европын холбооны удирдлагууд түүний энэ санлуудыг туйлын нааштайгаар хүлээн авсан бөгөөд энэ жилдээ багтаан түүний дэвшүүлсэн санлуудыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа онцоллоо.
Ялангуяа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх салбар дээр хоёр тал нягт хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд мэдэгдлээ. Хэрвээ энэ удаагийн уулзалтаар яригдсан асуудлууд хэрэгжсэн тохиолдолд Япон-Европын харилцаа нэг шат ахих болно хэмээн барууны сэтгүүлчид үнэлжээ.
Европын холбоо болон Япон улс хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.