
Америкийн тал Вьетнамын дайны үеэр тус улсад ашиглаж байсан Агент Оранж нэртэй химийн хорт бодисыг цэвэрлэх ажлын эхний үе шатыг дуусгасан болохыг АНУ-аас Вьетнамд суугаа элчин сайд Тед Осиус сэтгүүлчдэд мэдэгдлээ. Өчигдөр энэ үйл явдалд зориулсан ёслолын арга хэмжээ Да Нанг олон улсын нисэх буудалд болсон байна.
Нийт 80 сая америк долларын өртөг бүхий энэ төсөл, одоогоос дөрвөн жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Олон улсын Да Нанг нисэх буудлын хувьд Америк-Вьетнамын дайны үеэр “Агент Оранж” химийн хорт бодисын агуулах байсан тул өнөөг хүртэл тус буудлын зарим хэсэг энэ бодисоор бохирдсон байдаг. Вьетнам даяар нийт 30 гаруй газарт хорт бодисны нөлөө хадгалагдсан хэвээр байсныг Америкийн засгийн газар өөрийн зардлаар цэвэрлэх саналыг анх 2011 онд Вьетнамын талд тавьсан бөгөөд ийнхүү эхний үе шатаа амжилттай хэрэгжүүлсэн байна. Ёслолын арга хэмжээний үеэр элчин сайд Тед Осиус сэтгүүлчдэд хэлэхдээ хэдийгээр Америк Вьетнам улсууд түүхийн зарим шатанд өстөн дайснууд явсан хэдий ч тэд өөрсдийн алдаан дээрээ суралцаж, ирээдүйд улам сайн нөхөрлөж, хамтран ажиллах замыг сонгосон болохыг онцоллоо.
Тиймээс Америкийн тал өөрийн гаргасан алдаа дутагдалыг уламсарлан Вьетнамын талд учруулсан хохиролоо арилгах үүргийнхээ эхний үе шатыг нэр төртэй биелүүлж дууссан гэдгийг мэдэгджээ. Эхний үе шатанд химийн бодисонд хордсон газрын хөрсийг тусгай контейнерт байрлуулж цэльсийн 300 хэм хүртэл халаах арга замаар хөрсийг ариутгасан гэнэ. Цаашид Америкийн тал хорт бодисын улмаас хордсон хүмүүст тусламж үзүүлэх юм байна.
АНУ Вьетнамын дайны үеэр тус улсад ашиглаж байсан хорт бодисоо цэвэрлэж байна | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.