Шууд Chart

АНУ-д хуучны ховор машины үзэсгэлэн нээгдэв

2016-05-05 16:46:56

Авто машин нь орчин үеийн хүн төрөлхтний энгийн нэг хэрэгцээ байхаа больсон. Тэгвэл АНУ-ын Беверли Хиллст эртний, ховор машины 7 дахь удаагийн үзэсгэлэн нээгджээ. Энэ удаагийн үзэсгэлэнд олон төмөр хүлэг цуглуулагчид өөрсдийн цуглуулгын дээж болсон машинуудыг авчирсан болохыг зохион байгуулагчид онцоллоо.

Үзэсгэлэнд тавигдсан 136 ховор машины дундаас 20-р зууны эхэнд үйлдвэрлэгдсэн 18 машиныг сонирхож буй хүний тоо харьцангуй их байгаа гэнэ. Түүнээс гадна эртний ховор мотоциклуудыг ч сонирхогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Дараа жилээс тус үзэсгэлэнгийн нэг чухал салбар нь мотоциклд зориулагдах болно гэдгийг албаныхан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Энэ удаагийн үзэсгэлэн Америкт зохион байгуулагдаж байгаа тул Женерал моторс, Хенри Форд компаниудын эртний машин цөөнгүй тавигдсан байгаа ч Европын авто машины шилдэг үйлдвэрүүдийн төмөр хүлгүүд ч бас оролцож байна. 1935 онд үйлдвэрлэгдсэн Бугати 57 Винту, 1942 оны Альфа Ромео Корса, 1936 оны Роллс Роис Пантом-3 машиныг тухайн үеийн Европын ихэс дээдэс унаж байсан тул маш сайн хадгалагдаж өнөө үеийг хүрсэн болохыг эзэмшигчид нь мэдэгджээ.

Энэ үзэсгэлэнд тавигдах эрхийг авах хүсэлтэй хуучны машинуудын хувьд бүх эд анги нь анхны загвараараа байх ёстой байдаг юм. Тиймээс маш олон авто машин цуглуулагчид үзэсгэлэнд орох хүсэлтээ өгдөг ч зөвхөн шаардлага хангасан хэдхэн загварт зөвшөөрөл олгодог байна. Энэ үзэсгэлэнд хамрагдаж чадна гэдэг нь тус машины чанарыг тодорхойлсон том үзүүлэлт болдог гэдгийг оролцогчид онцоллоо.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-д хуучны ховор машины үзэсгэлэн нээгдэв   
Үзсэн: 1739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй