Шууд Chart

ОХУ, Япон улс маргаантай газар нутгийн асуудлаар хэлэлцээ хийнэ

2016-05-05 17:03:58

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийж байгаа айлчлалаа өндөрлөсний дараа энэ баасан гарагт ОХУ-д хүрэлцэн очиж, ерөнхийлөгч Владимир Путинтай албан бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Сочи хотод болох энэ уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд дунд 2 орны газар нутгийн маргаантай байдаг 4 арлын асуудал багтсан гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталгаажууллаа.

Гэхдээ Абэ, Путин нарын уулзалтаар газар нутгийн маргааныг шийдвэрлэх тал дээр дорвитой ахиц гарах боломж бага гэдгийг Песков мөн мэдэгдсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд мэргэжилтнүүдийн зүгээс няхуур, удаан хугацааны системтэй ажиллагаа шаардагддаг хэмээн тэрээр тайлбарлажээ. Та бүхэнд сануулахад, Курилын арлууд буюу Японы ард иргэд Умард газар нутаг гэж нэрийддэг 4 арлыг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд эзлэн авсан юм.

Тухайн цаг үеэс хойш Оросын хяналтад байгаа эдгээр арлыг Япон улс өөрийн харьяа газар нутаг хэмээн маргадаг. 1951 онд байгуулсан Сан Францискогийн энхийн гэрээгээр Япон улс Курилын арлуудаасаа татгалзсан байдаг. Гэхдээ тус гэрээнд Орос улс эдгээр арлыг эзэмших ёстой гэсэн ямарваа заалт байгаагүй юм. Иймээс Япон улс өөрийнх нь харьяа арлуудыг Орос хууль бусаар эзлэн авсан хэмээн маргадаг байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ, Япон улс маргаантай газар нутгийн асуудлаар хэлэлцээ хийнэ  
Үзсэн: 2086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй