
Канадын Форт МакМюррей хотод дэгдээд байгаа гал түймрээс үүдэн тус хотын 88 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Хотын дийлэнх хэсэг галд сүйдэж магадгүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. Форт МакМюррей хот Канадын баруун хэсэг дэх Альберта мужид оршдог. Мужийн захиргааны мэдээлснээр түймэрт 1,600 орчим барилга байгууламж өртсөн, цааш гал сөнөөгчдийн хяналтаас гарч илүү олон тооны барилга байгууламж, дэд бүтцэд хор хохирол учруулах магадлалтай байгаа юм байна. Түймэртэй холбогдуулан Альберта мужид онц байдал зарлаад байна.
Форт МакМюррей хотоос 88 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь Альберта мужийн түүхэнд байгаагүй дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Түймрийн улмаас түлэгдэж хүн гэмтсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Албаныхны мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт Форт МакМюррей хотын баруун өмнөд хэсэгт гал гарчээ. Мягмар гарагт гал сөнөөгчид нөхцөл байдлыг хяналтад аваад байх үеэр салхины чиг гэнэт өөрчлөгдсөн байна. Үүнээс үүдэн түймэр хурдацтай газар авч, Форт МакМюррей хот бүхэлдээ гал түймэрт сүйдэх аюул нүүрлэсэн байна.
Гал түймэр одоо 7,500 га буюу ойролцоогоор 10 мянган хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц газар нутгийг хамран асч байгаа юм. Тус бүс нутагт 100 гал сөнөөгч дайчлагдан, ажиллаж байна. Тэдэнд дэмжлэг үзүүлэхээр цэрэг, агаарын хүчний бие бүрэлдэхүүн томилогдсон бөгөөд 2 хоногийн дотор түймрийн голомтод хүрч очих юм байна.
Форт МакМюррей хотын оршин суугчдыг гал түймрийн улмаас нүүлгэн шилжүүллээ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.