Шууд Chart

Япон улсын ерөнхий сайд Герман улсад айлчилж байна

2016-05-06 16:08:26

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийж буй албан ёсны айчлалынхаа хүрээнд Холбооны бүгд найрамдах Герман улсад хүрэлцэн очлоо. Түүнийг тус улсын канцлер Ангела Меркель Берлиний Мерсебургерийн цайзад хүлээн авч уулзсан байна.

Япон Германы засгийн газрын тэргүүн нар энэ сард Японд болох “ИХ-7”-гийн уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийг сайжруулахын тулд авах арга хэмжээнүүд тодорхой байх ёстой гэдэг дээр санал нийлсэн болохыг албаныхан онцоллоо. Германы канцлерын бодлоор гадны хөрөнгө оруулалт, мөнгөний зөв бодлого, ухаалаг бүтцийн өөрчлөлт эдийн засгийн хямралыг гэтлэн давах гол арга зам байна гэж үзсэн бол ерөнхий сайд Шинзо Абэ санхүүгийн уян хатан бодлого дутахгүй нөлөөтэй болохыг сануулсан байна.

Уулзалтын дараа хоёр тал сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хурлын үеэр засгийн газрын тэргүүн нар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулж байснаас гадна хоёр тал цаашид өөрсдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнээс гадна хоёр орны гадаад худалдааг нэмэгдүүлэхэд шаардлагатай багц төслүүдийг ойрын үед хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Япон улс НАТО-гийн гишүүн орон болох магадлал байгаа эсэхийг лавлахад энэ талаар одоогоор ямар нэгэн тоймтой шийдвэр гараагүй болохыг ноён Шинзо Абэ санууллаа.

Япон улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж цэргийн салбараа зөвхөн харийн довтлогооноос хамгаалах зориулалтаар хөгжүүлдэг байхаа больсон тохиолдолд энэ асуудлыг хөндөж болох юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Германы канцлерийн хувьд Японд болох “ИХ-7”-гийн уулзалтын үеэрээ Хирошима хотод очиж цөмийн бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон улсын ерөнхий сайд Герман улсад айлчилж байна  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй