
Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын VII их хурал өнөөдөр эхлэх гэж байна. Сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ их хуралд оролцохоор Хөдөлмөрчний намын гишүүд Умард Солонгосын өнцөг булан бүрээс нийслэл Пхеньян хотдоо цуглаад байна. Хөдөлмөрийн намын энэ удаагийн их хурлын гол зорилго Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны байр суурийг бэхжүүлэхэд оршиж байгаа хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.
Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг 5 жил тутамд 1 удаа зохион байгуулах ёстой ч энэ заалт ягштал мөрдөгдөж байгаагүй юм. Ийм ч учраас Хөдөлмөрийн нам 2010 онд энэ тухай дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Өнөөдөр эхлэх намын VII их хурал хэд хоног үргэлжлэх, хэдий тооны төлөөлөгч оролцох нь тодорхойгүй байна. 1980 онд зохион байгуулагдсан Умардын эрх баригч намын VI их хуралд 3 мянга орчим төлөөлөгч оролцсон бөгөөд 5 хоногийн хугацаатай үргэлжилсэн юм.
Энэ 7 хоногийн даваа гарагт Умард Солонгост намын их хурлыг угтсан “Үнэнч байдлын 70 хоногийн аян” өндөрлөсөн байна. Тус аяны үеэр Умардын ард түмэн ажилдаа жирийн үеэс илүү зүтгэл гарган хөдөлмөрлөх ёстой байдаг. Энэ удаагийн аянаар Умард Солонгосын эрх баригчдын тавьсан зорилтыг давуулан биелүүлсэн тухай Умардын төрийн мэдлийн төв телевиз мэдээлжээ.
БНАСАУ-ын эрх баригч намын их хурал өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.