
Туркийн хилтэй ойролцоо орших Сирийн Сармада хотын дүрвэгчдийн хуаран агаарын цохилтод өртсөн байна. Алеппо, Пальмира хот дахь мөргөлдөөн самуунаас дайжин, дээрх хуаранд хорогдож байсан 28 хүн энэ үеэр амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд байсан талаар Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага мэдээлж, цаашид амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж магадгүйг анхааруулжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр Сармада хот дахь түр хуаранг агаараас 2 удаа бөмбөгдсөн байна. Үүний улмаас дүрвэгчдийн амьдарч байсан 50 гаруй майхан, 1 дунд сургууль бүрэн шатжээ. Сирийн засгийн газар 48 цагийн хугацаатай гал зогсоохоор болсон Алеппо хотоос 30 км зайд Сармада хот байрладаг юм. Сирийн засгийн газар амласан ёсоор Алеппо хотод түр гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн талаар Их Британид төвтэй Сирийн ажиглагч байгууллага мэдээлж байна.
Өчигдөр өглөө гэхэд Алеппо хотын босогчдын хяналтад байгаа зарим дүүрэгт гал намжсантай холбогдуулан дэлгүүр хоршоод эргэн үүдээ нээж эхэлсэн талаар Ройтерс агентлаг уламжилж байна. Харин Сирийн сөрөг хүчний босогчид Алеппод гал зогсоох хэлэлцээрийг зөрчин, засгийн газрын хяналтад байгаа бүс нутаг руу шөнийн цагаар галласан гэж Сирийн төрийн мэдлийн төв телевиз мэдээлж байна.
Сирийн дүрвэгчдийн хуаран агаарын цохилтод өртжээ | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.