
Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглу хэвлэлийн бага хурал хийж, өөрийн үүрэгт ажлаас огцрохоор шийдвэрлэснээ Пүрэв гарагт албан ёсоор зарласан байна. Энэ сарын 22-нд болох Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын онц их хурлын үеэр Давут-оглу намын даргын албан тушаалд дахин нэр дэвшихгүй, шинэ хүнд халаагаа хүлээлгэн өгч, ерөнхий сайдын албаа мөн орхино гэдгээ хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийн эрх мэдлийг өргөжүүлэхийн тулд улс төрийн хамгийн ойрын холбоотондоо шахалт үзүүлж, ийнхүү албан тушаалаас нь буулгах гэж байна гэж олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Ахмет Давут-оглу Эрдогантай хэд хэдэн асуудлаар саналын зөрүүтэй байсан. Өчигдрийн хэвлэлийн бага хурлын өмнө тэд 2 цаг гаруй уулзаж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэхээр оролдсон юм.
Гэвч энэ уулзалт үр дүнд хүрээгүйг нотолж, Ахмет Давут-оглу албан тушаалаасаа огцорно гэдгээ зарласан байна. Тэрээр хэвлэлүүдийн шуугианыг үл харгалзан, намдаа үнэнч нэгэн гэдгээ харуулж улсынхаа ерөнхийлөгчтэй ах дүүс мэт харилцаатай, түүний талаар нэг ч муу үг цухуйлгахгүй гэдгээ өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Ахмет Давут-оглу ерөнхий сайдаас огцорч байгаа нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх Эрдоганы бодлогод дардан зам тавилаа хэмээн Туркийн сөрөг хүчний гол нам буруутгаж байна.
Сөрөг хүчнийхэн Туркийн ардчилал дээсэн дөрөөн дээр ирснийг анхааруулаад, ардчиллыг дэмжигч хүн бүхэн эрх баригч намын хуйвалдааны эсрэг нэгдэн зогсох цаг үе тулгараад байна хэмээн мэдэгджээ.
Туркийн ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцорно | ||
Үзсэн: 2966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.