Шууд Chart

Ялалтын баярын сүрт жагсаалд 10 мянга гаруй цэрэг оролцоно

2016-05-09 13:21:30

Өнөөдөр Дэлхийн Хоёрдугаар дайны түүхт ялалтын 71 жилийн ойн баяр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд энэ баяр тохиох үеэр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ёслолын сүрт жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн цэргийн сүрт жагсаалд ОХУ-ын цэрэг батлан хамгаалахын сүр хүчийг илтгэх учиртай танк, байлдааны хуягт хэрэгслүүд Улаан талбайд өнгөрсөн сарын 26-наас эхлэн шөнийн цагийн сургуулилтад оролцжээ.

Сүүлийн бүрэн хэмжээний сургуулилт өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдаж, нийт 10 мянга гаруй цэрэг, 100 гаруй хуягт хэрэгсэл, мөн 71 нисэх онгоц, нисдэг тэрэг энэ сургуулилтад оролцжээ. Зөвлөлтийн арми нацист Германы эсрэг тэмцэж, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн домогт "Т-34" танк, мөн “Тигр” байлдааны хуягт машин, “Ярс” баллистик пуужин, “Бук” пуужингийн систем болон Т-90 танкууд энэ оны сүрт жагсаалд оролцоно. Мөн дөрөвдүгээр үеийн "Су-35С" загварын байлдааны онгоц Ялалтын баярын сүрт жагсаалд энэ онд анх удаа оролцохоороо онцлог юм.

Өнөөдөр Москва хотоос гадна ОХУ-ын 26 том хотод цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдана. Үүнээс гадна гадна Сирийн засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн Сири дэх ОХУ-ын Хмеймим цэргийн баазад мөн ялалтын баярт зориулсан сүрт жагсаал зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог юм. ОХУ-ын цэрэг батлан хамгаалахын хүчин чадавхийг сэргээх Путины бодлогын хүрээнд энэ салбарын зардал сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай явж ирсэн.

Гэхдээ Крымын хямралаас үүдэлтэй олон улсын хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналттай холбоотойгоор рублийн ханш унасан нь Оросын батлан хамгаалахын зардлын доллараар илэрхийлсэн хувь хэмжээ бууралтдөрөвдүгээрт бичигдэх болсон байна. Энэ оны хувьд Орос батлан хамгаалах салбартаа 3 их наяд 145 тэрбум рубль төсөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 0.8 хувь өссөн үзүүлэлт юм байна.


 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ялалтын баярын сүрт жагсаалд 10 мянга гаруй цэрэг оролцоно  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй