
Зэрлэг ан амьтдын тоо толгойг хамгаалах, устаж үгүй болохоос сэргийлэх нэгэн шинэ санаачлага гарсан байна. Энэ салбарт хүчин зүтгэж байгаа мэргэжилтнүүд хамтран зэрлэг амьтдын хууль бусаар наймаа байж болзошгүй сэжигтэй тохиолдлыг ухаалаг утсаараа хууль сахиулах байгууллагад мэдээлэх аппликешн бүтээжээ. Энэ аппликешнийг ашиглан жуулчид, худалдан авагчид хууль бусаар агнуулсан амьтдын эд эрхтнээр хийсэн бүтээгдэхүүнийг зургаар нь баримтжуулж, байршлынх нь хамтаар холбогдох албаныханд мэдээлэх юм байна. Зэрлэг амьтны хууль бус наймааг хар тамхи, зэвсэг, хүний наймаатай адил ноцтой гэмт хэрэгт тооцдог болсон.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хууль бус анчдын үйл ажиллагаа улам идэвхжиж, зэрлэг амьтад, тэдний эд эрхтний худалдаа олон тэрбум долларын том зах зээл болж хувирсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Уламжлалт эмчилгээ, чинээлэг давхаргын тансаг хэрэглээнээс үүдэн Хятадын хар зах дээр зэрлэг амьтдын эд эрхтэний эрэлт өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь хууль бус анг өөгшүүлэх нэг гол шалтгаан болж байна гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Зааны соёоны хууль бус наймаа 2007 онтой харьцуулахад 2 дахин эрчимжиж, одоо 1 кг зааны соёо Бээжинд 2 мянга 205 америк доллараар үнэлэгдэж байна.
Хирсний тоо толгой цөөрөхийн хэрээр эврийнх нь үнэ улам өсөж, 1 кг нь 66 мянган доллар буюу цэвэр алтнаас илүү үнэд хүрчээ. Олон орны эрх баригчдын хууль бус антай тэмцэх хүчин зүтгэл ийнхүү төдийлөн дорвитой үр дүн авчрахгүй байна. Иймээс худалдан авагчдад чиглэсэн ухуулга сурталчилгаа хийх, жуулчдыг хууль бусаар агнасан амьтдын эд эрхтэн, арьсаар хийсэн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, эрэлтийг бууруулахад эрх баригчид гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Зэрлэг амьтдын хууль бус наймааг гар утсаараа мэдээлэх боломжтой болжээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.