
Чехийн эрдэмтэд нисэх онгоцонд ашиглахад аюулгүй бууны сум бүтээж байгаа талаар Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ. Нисэх онгоцонд алан хядагч болон бусад аюултай этгээдүүдийн эсрэг ойрын зайд гал нээсэн нөхцөлд сум байг нэвтрэн гарч, гэмгүй зорчигчийг онох, онгоцны бүрдэл хэсэгт гэмтэл учруулах аюултай байдаг. Иймээс Чехийн Батлан хамгаалахын их сургуулийн судлаачид 5 жилийн туршилт, судалгааны дүнд нисэх онгоцонд ашиглахад хамгийн бага эрсдэл дагуулах бууны сум бүтээсэн байна.
5 грамм жинтэй, 9 мм-ийн энэхүү гуулин сум нь ердийн тугалган сумнаас хөнгөн, буунаас секундад 500 метрийн хурдтайгаар гарч байндаа тусдаг байна. Энэ үеэр сумны гадаргуу өргөсч, бүх кинетик энерги нь байнд шингэдэг учраас сум байг нэвтрэн гарлаа ч ойр орчимд нь байгаа хүн болон бусад биетэд ямарваа аюул учруулахгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. Халдлага дайралтад өртөх магадлал өндөр байдаг иргэний агаарын тээврийн нисэх онгоцны аюулгүй байдлыг хангахад энэ шинэ технологийн бууны сум нэмэр болно гэж эрдэмтэд найдаж байна. Хэд хэдэн орны агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах албаныхан сумыг турших хүсэлтээ илэрхийлжээ.
АНУ-ын Худалдааны ихэр цамхаг террорист халдлагад өртсөний дараа Чех улсад агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хүрээнд нисэх онгоцонд ашиглахад эрсдэлгүй сум бүтээх судалгааг Чехийн засгийн газар бүрэн санхүүжүүлжээ.
Нисэх онгоцонд ашиглах зориулалттай бууны сум бүтээжээ | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.