
Канадын Альберта муж дахь Форт МакМюррей хотод гарсан гал түймрийн цар хүрээ улам нэмэгдэж, зэргэлдээх мужид нь тархаж магадгүй байгааг албаныхан өчигдөр анхааруулж байсан. Тэгвэл хамгийн сүүлд ирсэн мэдээгээр түймэр тархах эрч саарч, хөрш мужийн нутаг дэвсгэрт орох магадлал багассан байна.
Одоо түймэр 150 мянган га буюу Лондон хотын нийт газар нутагтай дүйцэхүйц хэмжээний өргөн уудам нутагт асаж байна. Форт МакМюррей хотын газрын тос олборлох байгууламжид 20 орчим мянган хүн хорогдож байсан. Эдгээр хүмүүсийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлэх ажил дуусчээ. Форт МакМюррей хот нь Канадын газрын тос олборлох гол бүс нутагт тооцогддог бөгөөд газрын тосны нөөцийн хэмжээгээр дэлхийд 3-рт жагсдаг байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болон бусад онц байдлын арга хэмжээнээс үүдэн наад зах нь 10 байгууламж газрын тос олборлолтоо зогсоосон нь Канадын зах зээл дэх газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тал хувиар буюу өдөрт 1 сая баррелиар бууруулсан байна.
Үүнтэй холбогдуулан Монтреалийн банк Канадын эдийн засгийн дугаар улирлын өсөлтийн таамгаа 1,5 хувиас 0 хувь болгон бууруулсан байна. Түймэр Санкор Энержи корпорацийн олборлох байгууламж руу дөхөж байгааг албаныхан мөн мэдээллээ. Гэхдээ газрын тосны байгууламжийн эргэн тойронд мод ургамалгүй, мөн эдгээр олборлох байгууламж өндөр бэлтгэл бүхий гал унтраах ангиудтай учраас ойртон ирж яваа түймэр аюул учруулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түймрийн утаа АНУ-ын баруун төвийн Айова муж улс хүрсэн мэдээ мөн ирж байгаа юм. Альберта мужийн захирагчийн мэдээлснээр Форт МакМюррей хотын түймрийг унтраах ажилд 500 гаруй гал сөнөөгч, 15 нисдэг тэрэг, 14 гал сөнөөх онгоц дайчлагдсан байна. Муж даяар нийтдээ мянга 400 гаруй гал сөнөөгч, 133 нисэх онгоц түймэртэй тэмцэж байна.
Канад дахь түймрийн тархалт саарч байна | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.