
Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын VII Их хурал Пхеньян хотноо үргэлжилж байна. Сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн их хурлаар Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун цөмийн хөтөлбөр, эдийн засгийн салбараа хавсруулан хөгжүүлэх “Бюнжин” гэх бодлогоо зарлан тунхаглаж, мөн өөрийгөө ирэх олон жилд Умардыг удирдан жолоодох хүн гэдгийг олон нийтэд батлан тунхаглахыг зорьж байна гэж гэж олон улсын ажиглагчид таамаглаж байсан. Энэ таамгийг бататгаж Ким Чен Ун цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгээ намын их хурлын үеэр мэдэгдсэн байна.
Гэхдээ цөмийн зэвсэгтэй улс орнууд өдөөн хатгаагүй нөхцөлд Умард Солонгос цөмийн зэвсэг түрүүлж ашиглахгүй гэдгээ мөн мэдэгдсэн талаар тус улсын төрийн мэдлийн төв телевиз өчигдөр уламжилжээ. Энэ удаагийн хурлаар Улс төрийн товчоо болон төрийн хэд хэдэн гол албан тушаалтныг томилдог төв хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгоно. Үүгээр Ким Чен Уны талыг баримтлагчид, мөн түүний дүү Ким Ё Жон дээгүүр албан тушаалд томилогдож магадгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Гэхдээ энэ таамгийг олон улсын хэвлэлүүд баталгаажуулах боломж хомс байна. Хөдөлмөрийн намын их хурлын үеэр тус улсад хүрэлцэн очиж, мэдээлэл бэлтгэх эрх авсан гадаадын сэтгүүлчид хурлын үйл ажиллагаанд оролцох эрхгүй байгаа юм байна. Үүнээс гадна Умардын төрийн мэдлийн төв телевиз ч энэ удаагийн хурлыг шууд дамжуулалгүй, зарим хэсгийн дүрс бичлэгийн хамтаар ерөнхий тойм мэдээлэл хүргэж байгаа юм байна. Умардын Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар нийт 12 орны 128 сэтгүүлч хүрч очсон мэдээ байна. Эдгээр сэтгүүлчдийн хөдөлгөөнийг нарийн хянаж, Пхеньяны хөгжил дэвшлийг харуулах үйлдвэр, фермийн газруудаар зочлуулсан талаар Би-Би-Си болон Ройтерс агентлагууд уламжилж байгаа юм.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурлыг 12 орны сэтгүүлчид сурвалжилж байна | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.