Шууд Chart

Филиппин улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ

2016-05-09 17:00:32

Өнөө өглөө Филиппин улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлж байна. Энэ удаагийн сонгуулиар Филиппин улсын шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон хууль тогтоогчдоос гадна орон нутгийн 18 мянга гаруй төлөөллийг сонгох учиртай юм. Эдгээр албан тушаалын төлөө нийтдээ 44 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа мэдээ байна.

Сонгуулийн санал хураалтын үеэр үймээс самуун гарахаас сэргийлэн, цагдаагийн 100 мянга гаруй албан хаагч хууль сахиулах ажилд оролцож байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр 140 гаруй удаагийн үймээн самуун гарч, 15 хүн амь үрэгдсэнтэй энэ нь холбоотой. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт Филиппиний хотын даргын сонгуульд нэр дэвшсэн улс төрч буудуулж, нас барсан.

Иймээс сонгуулийн санал хураалтын үеэр энэ мэт мөргөлдөөн самуун гарахаас сэргийлэхийн тулд харуул хамгаалалтыг өндөржүүлсэн байна. Энэ удаагийн сонгуульд Филиппиний 7000 гаруй аралд 54 сая хүн санал өгөхөөр бүртгүүлсэн мэдээ байна.Филиппиний шинэ ерөнхийлөгчид сонгогдохоор 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас хууль тогтоомж болон бусад асуудлаар шинэчлэл амласан 71 настай нэр дэвшигч Родриго Роа Дутерте сонгогдох магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт эдийн засаг, гэмт хэрэг, авлига хээл хахууль, ядуурал болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудал гол байр суурь эзэлж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Филиппин улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй