Шууд Chart

Грекийн парламент тэтгэвэр, татварын шинэчлэлийн багц хуулийг баталжээ

2016-05-10 08:13:00

Өчигдөр Грекийн парламент ард түмнийх нь зүгээс ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан тэтгэвэр, татварын шинэчлэлийн багц хуулийг баталжээ. Евро бүсийн сангийн сайд нарын уулзалтыг угтан батлагдсан эдгээр багц хууль нь Грекийн төсвийн тэнцэл эерэг дүнтэй гарах баталгаа болж, тус улс олон улсаас дахин зээл авах бололцоог нээх юм. Хуулийг батлах эсэх асуудлаарх санал асуулга зохион байгуулагдахын өмнө Грекийн нийслэл Афин хотноо цөөн тооны жагсагч цагдаа нартай мөргөлдсөн байна.

Тус улсын үйлдвэрчний эвлэлүүд Грекийн ард түмэн туйлдаа хүрч, дахин нэг бүсээ чангалах бодлогыг даван гарах тэнхэлгүй болсон гэдгийг мэдэгдлээ. Грекийн парламент дахь хэлэлцүүлэг 2 өдөр үргэлжилж, тэтгэвэр, татварын асуудлаарх шүүмжлэл дагуулсан шинэчлэлийг нэвтрүүлэх эсэх талаар гишүүд мэтгэлцсэн юм. Энэ үеэр Афин болон Салоники хотод олон мянган хүн тайван жагсаал хийж, шинэчлэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Мөн шинэчлэлийг эсэргүүцсэн 3 өдрийн бүх нийтийн ажил хаялт зохион байгуулагдсан нь баасан гарагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг доголдуулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг удаашруулсан байна. Эдгээр эсэргүүцлийг үл харгалзан сая батлагдсан багц шинэчлэлд зарим төрлийн тэтгэврийг бууруулж, тэтгэврийн хэд хэдэн санг нэгтгэх, мөн дундаж болон дээгүүр орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, төлөх татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг заалт багтсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Грекийн парламент тэтгэвэр, татварын шинэчлэлийн багц хуулийг баталжээ  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй