Шууд Chart

Ялалтын 71 жилийн ойн цэргийн сүрт жагсаалд 10,000 гаруй цэрэг, 130 гаруй хуягт хэрэгсэл оролцлоо

2016-05-10 09:26:16

Дэлхийн 2-р дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалд 10 мянган цэрэг, 140 орчим цэрэг батлан хамгаалахын хуягт техник хэрэгсэл оролцлоо. Мөн энэ онд анх удаагаа цэргийн эмэгтэй албан  хаагчид сүрт жагсаалын эгнээнд нэгдсэн гэдгээрээ онцлог байлаа. Москва хотын Улаан талбай дээгүүр ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан байлдааны 71 нисэх онгоц ниссэн байна.

Бас нэгэн анхдагчид тооцогдож байгаа зүйл нь Сирийн засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Сири дэх ОХУ-ын Хмеймим баазад цэргийн сүрт жагсаал мөн зохион байгуулагдлаа. ОХУ-ын tvzvezda.ru цахим хуудасны уламжилснаар Хмеймим агаарын цэргийн баазад болсон Ялалтын баярын сүрт жагсаалд Сирийн ерөнхийлөгч Башар Асадын цэрэг армийн төлөөлөл оролцжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний гварди байгуулж байгаагаа зарласан.

Энэ гвардийн албан хаагчид мөн анх удаагаа Улаан талбайн цэргийн сүрт жагсаалд оролцсон байна. Мөн ОХУ-ын сансрын хүчний төлөөлөл анх удаа сүрт жагсаалд нэгдсэн нь бас нэг онцлог үйл явдал байлаа. Энэ дунд анх сансарт ниссэн хүн болох Юрий Гагарин болон тус улсын бусад алдартай сансрын нисгэгчдийг бэлтгэсэн цэргийн академийн офицер, сонсогчид оролцсон юм.

Зардлын хувьд энэ оны цэргийн сүрт жагсаал өнгөрсөн 4 жилтэй харьцуулахад хамгийн бага зардлаар зохион байгуулагдсан байна. Хэвлэлүүд энэ оны зардлын нийт хэмжээ 210 сая рубль буюу 3,2 сая доллар байсан гэж мэдээлж байна. Үүнээс гадна Москва хот ялалтын баярын өдрөөр цаг агаарын тааламжтай нөхцөлийг хангахын тулд 90 сая рубль, өөрөөр хэлбэл 1,3 сая долларыг үүл сарниулахад зарцуулсан гэсэн дүн мэдээг Риа Новости уламжилсан байна.

Олон улсын хэвлэлүүд энэ оны цэргийн сүрт жагсаалаас онцолж байгаа гол сэдэв нь Оросын батлан хамгаалахын сүр хүчийг илтгэсэн зэвсэг, техник хэрэгслүүд байлаа. Сири дэх Оросын баазын аюулгүй байдлыг хамгаалахад ашиглаж байсан агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем С-400, мөн газар-агаар ангиллын дундын тусгалтай пуужин болон нисдэг тэрэг устгагч зенитийн пуужингийн шинэ үеийн систем болох Панцир, ойрын тусгалтай Искандер баллистик пуужин харвагч хөдөлгөөнт систем, мөн тус улсад терроризмын эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцсон байлдааны нисэх онгоцууд энэ оны сүрт жагсаалд оролцсон болохыг Их Британийн Телеграф сонин онцолж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2011 оноос 2020 оны хооронд цэрэг батлан хамгаалахын хуучирсан тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслээ шинэчлэхэд 20 их наяд рубль буюу тухайн үеийн ханшаар 700 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөг танилцуулсан. Энэ төлөвлөгөөний дагуу Орос улсын зэвсэгт хүчний өнгө төрх өөрчлөгдөж, шинэ зэвсэг, техник хэрэгслээр зүс нэмж байгааг Телеграф сонин мөн уламжилсан байна. Тив алгасагч цөмийн пуужин харвагч хөдөлгөөнт систем болох Ярс, мөн дэвшилтэт систем бүхий Армата танк энэ удаагийн сүрт жагсаалд оролцсон.

   

Ерөнхийлөгч Путин энэ онд Ялалтын баярын 71 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Дэлхийн 2-р дайнд нацист Германыг ялснаар Зөвлөлтийн ард түмэн эх орныхоо жинхэнэ хүчин чадал, эв нэгдэл, эх оронч сэтгэлгээг нотлон харуулсан хэмээн ярьсан байна. Түүхт ялалтын хажуугаар Путин сүүлийн үед олон улсад тулгамдсан гол асуудал болсон терроризмтой тэмцэх талаар, мөн энэ тэмцэлд бусад улс оронтой хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Энэ тухай ярихдаа Путин цэргийн эвслүүдээс хараат бус олон улсын аюулгүй байдлын нэгдсэн систем байгуулахад ОХУ туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. Мөн зарим улс орны хоёр нүүртэй бодлого олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгааг тэрээр анхаарууллаа.

ОХУ төдийгүй дэлхийн олон оронд Ялалтын баярын энэ түүхэн өдрөөр “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаал зохион байгуулагддаг. Энэ жагсаалд Дэлхийн 2-р дайнд оролцож, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын үр ач, төрөл төрөгсөд оролцож, алдар гавьяаг нь дурсдаг юм. “Үхэшгүй мөнхийн” гэх тодотголоор 2-р дайнд нацистуудын эсрэг тэмцэж байсан дайчин бүрийн залгамж халаа тасраагүй, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөөр нь дамжин зуу зуун жилд мөнх дуурсагдсаар байх болно гэх утгыг илтгэдэг байна. Анх “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалыг 2012 онд ОХУ-ын Томск хотноо зохион байгуулж байсан. Энэ жагсаалд 6 мянга орчим хүн дэлхийн 2-р дайнд оролцсон 2,000 дайчны зургийг барин жагсаж байсан түүхтэй. Энэ онд “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалын хамрах цар хүрээ улам өргөжиж, 2015 онд ОХУ-д үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж, Улаан талбайд болсон жагсаалд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин, дэлхийн 2-р дайнд тулалдаж явсан ахмад дайчдын нэг өөрийн эцгийн зургийг барин жагсаалд нэгдсэн юм. Энэ оны хувьд ОХУ-аас гадна 40 гаруй улс оронд 2-р дайнд тулалдагсдын хойч үе, залгамж халаа “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалд оролцсон байна. Эдгээр жагсаал улс орон, бүс нутгаасаа хамааран 5-р сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. “Үхэшгүй мөнхийн хороо” жагссан хотуудаас Их Британийн нийслэл Лондон, Германы нийслэл Берлин, Украины нийслэл Киев, Казакстаны нийслэл Астана хотыг нэрлэж болохоор байна. Мөн Испани, Франц, АНУ, Австри, Молдав, Канад, Итали, Австрали, Израиль, Ливан зэрэг оронд энэ жагсаал болжээ.

ОХУ энэ оны ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд улс орнуудад дипломат шугамаар урилга илгээгээгүй. Гэхдээ тус улсын зүгээс бусад орны төлөөлөл Дэлхийн 2-р дайны түүхэн чухалт ялалтыг тэмдэглэсэн энэ үйл явдалд оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн Ялалтын баярын сүрт жагсаалд Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн биеэр хүрэлцэн очиж оролцсон.

ОХУ-ын төрийн мэдлийн телевизүүд болон ОХУ-ын нийслэл Москва хотын өнцөг булан бүрт байрлуулсан 20 том дэлгэцээр цэргийн сүрт жагсаалыг шууд дамжуулсан байна. Энэ оны бас нэг онцлог нь Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалын талаар мэдээлэхдээ Оросын “Раша Түдей” буюу “Ар-Ти” суваг технологийн дэвшлийг бүрэн утгаар нь ашигласан явдал байсан. Тус суваг Ялалтын баярын жагсаалыг жагсаалд оролцсон танк, цуваагаар ниссэн байлдааны нисэх онгоцнуудад суурилуулсан 360 градусын өнцөгтэй тусгай камерын дүрс бичлэгээс үзэж, жагсаалд өөрийн биеэр оролцсон мэт сэтгэгдэл авах боломжийг олгосон юм. Мөн Ар-Ти сувгийн Ютүб хуудас уламжлал ёсоор Ялалтын баярын сүрт жагсаалыг англи тайлбартайгаар шууд дамжуулсан. Энэ дамжуулалтын дүрс бичлэгийг та бүхэн Ютүб дэх Раша Түдей хуудсаар орж үзэх боломжтой юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ялалтын 71 жилийн ойн цэргийн сүрт жагсаалд 10,000 гаруй цэрэг, 130 гаруй хуягт хэрэгсэл оролцлоо  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй