
Олон улсад дэлгэгдэж шуугиан тариад байсан Панамын фирмийн нууц баримт бичгүүд өнөөдөр цахим ертөнцөд бүрэн эхээрээ байршжээ. Нийтдээ 360 гаруй мянган хүний нэр холбогдсон 200 мянга гаруй оффшор дансны мэдээлэл бүхий 2.6 терабайт хэмжээтэй Панамын Моссак Фонсека фирмийн эдгээр баримт бичиг манай цагаар өнөөдөр 03 цагийн орчимд олон нийтэд цахим хэлбэрээр ил болсон байна.
Гэхдээ энэхүү ил болсон баримт бичигт банкны дансууд, санхүүгийн гүйлгээ, цахим шуудан болон бусад захидал харилцаа, нууц үг, утасны дугаар зэрэг мэдэллийг багтаагаагүй болохыг баримт бичгийг дэлгэсэн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум мэдэгдлээ. Та бүхэнд сануулахад, баян чинээлэг эрхмүүд татвараас зайлсхийх, хөрөнгө орлогоо нуун дарагдуулах, хориг арга хэмжээний үйлчлэлээс мултрахад оффшор компанийг хэрхэн ашигладаг болохыг Панамын баримт бичгүүд гэж шуугиан дэгдээсэн эдгээр баримт бичиг ил болгосон юм.
Оффшор компани байгуулах чиглэлээр дагнан ажилладаг Моссак Фонсека хуулийн фирмийн 40 жилийн үйл ажиллагааны нарийн ширийнийг агуулсан 11,5 сая хуудас энэ нууц баримт бичгийг “Жон Дөү” нэртэй эх сурвалж Германы Зю́ддойче ца́йтунг сонинд шилжүүлсэн. Улмаар тус сонин Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумтай хамтран Панамын баримт бичгийг шалгаж, өнгөрсөн сард тайлангаа нийтэлсэн юм.
Харин сая цахимаар ил болсон баримт бичгийн бүрэн эхэд Монгол гэсэн хайлтаар давхардсан тоогоор 49 хувь хүний нэр илэрч байгаа мэдээ байна.
Панамын фирмийн баримт бичгүүд цахим хуудсанд бүрэн эхээрээ байршлаа | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.