Шууд Chart

“Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаал зохион байгуулав

2016-05-10 12:08:34

Дэлхийн 2-р дайны түүхт ялалтыг дурсан ОХУ төдийгүй дэлхийн олон оронд “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаал зохион байгууллаа. Энэ жагсаалд Дэлхийн 2-р дайнд оролцож, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын үр ач, төрөл төрөгсөд оролцож, өвөг дээдсийнхээ алдар гавьяаг нь дурсдаг юм. Энэ оны хувьд ОХУ-аас гадна 40 гаруй улс оронд 2-р дайнд тулалдагсдын хойч үе, залгамж халаа “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалд оролцсон байна.

Эдгээр жагсаал улс орон, бүс нутгаасаа хамааран тавдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагджээ. “Үхэшгүй мөнхийн хороо” жагссан хотуудаас Их Британийн нийслэл Лондон, Германы нийслэл Берлин, Украины нийслэл Киев, Казакстаны нийслэл Астана хотыг нэрлэж болохоор байна. Мөн Испани, Франц, АНУ, Австри, Молдав, Канад, Итали, Австрали, Израиль, Ливан зэрэг оронд энэ жагсаал болжээ.

“Үхэшгүй мөнхийн” гэх тодотголоор 2-р дайнд нацистуудын эсрэг тэмцэж байсан дайчин бүрийн залгамж халаа тасраагүй, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөөр нь дамжин зуу зуун жилд мөнх дуурсагдсаар байх болно гэх утгыг илтгэдэг байна. Анх “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалыг 2012 онд ОХУ-ын Томск хотноо зохион байгуулж байсан. Энэ жагсаалд 6 мянга орчим хүн дэлхийн 2-р дайнд оролцсон 2000 дайчны зургийг барин жагсаж байсан түүхтэй. “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалын хамрах цар хүрээ улам өргөжиж, 2015 оноос эхлэн ОХУ-д үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Улаан талбайд болсон энэ жагсаалд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин 2 дахь жилдээ дэлхийн 2-р дайнд тулалдаж явсан өөрийн эцэг Владимир Спиридонович Путины зургийг барьж оролцсон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаал зохион байгуулав   
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй