Шууд Chart

Урьдчилсан дүнгээр Родриго Дутерте ялалт байгууллаа

2016-05-10 12:13:27

Өчигдөр Филиппин улсад явагдсан бүх нийтийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Нийт саналын 90 хувийг тоолсны дараах байдлаар Родриго Дутерте 14.8 сая сонгогчийн саналаар итгэл төгс тэргүүлж байна. Нийт саналын 39 хувийг авсан түүний араас Либерал намын нэр дэвшигч Мануэль Рохас сонгогчдын 23 хувь буюу 9 сая хүний саналаар удаалж байгаа юм.

Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд заавал 50-аас дээш хувийн санал авах албагүй, харин бусад нэр дэвшигчдээсээ дээгүүр тооны санал авсан байх шаардлагатай юм байна. Иймээс санал тооллогын урьдчилсан дүнгээр Родриго Дутерте Филиппин улсын ерөнхийлөгчөөр сонгогдох нь бараг тодорхой боллоо.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Давао хотын даргаар 22 жилийн турш ажилласан Родриго Роа Дутерте ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигчид тооцогдож байсан юм. “Шийтгэгч” хочтой тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр олон тооны маргаан дагуулсан мэдэгдэл хийж, гэмт хэрэгтнүүдэд харгис шийтгэл оноохоо ч мэдэгдэж амжсан.

Мөн сонгуулийн үеэр анхаарал татсан асуудлын нэгд зүй ёсоор тооцогдож байсан Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны асуудалд Хятадад буулт хийхгүй, харин Хятад улс Филиппиний дэд бүтцийн хөгжилд санхүүгийн туслалцаа үзүүлбэл газар нутгийн маргааны асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг хичээж болох юм гэх байр суурийг баримталж байгаа юм.

Энэ удаагийн сонгуулиар Филиппин улс шинэ ерөнхийлөгчөөсөө гадна дэд ерөнхийлөгч, хууль тогтоогчид, мөн орон нутгийн 18 мянга гаруй төлөөллийг сонгох учиртай юм. Эдгээр албан тушаалын төлөө нийтдээ 44 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Урьдчилсан дүнгээр Родриго Дутерте ялалт байгууллаа   
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй