
Ижил хүйстэн, хүйсээ солиулсан хүмүүсийн эрхийг хязгаарласан гэж олон нийтийн зүгээс ширүүн шүүмжлэл дагуулсан хууль Умард Каролина муж улсад батлагдаад удаагүй байна. Тэгвэл тус хуулийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам Умард Каролина муж улсын эсрэг шүүхэд зарга үүсгэжээ.
Умард Каролинад батлагдсан шинэ хуулийн дагуу трансжендер хүн бүр өөрийн сонгосон бус, харин байгалиас заяагдсан хүйсийнхээ дагуу нийтийн бие засах газраар үйлчлүүлэх ёстой болсон юм. Мөн энэ хуульд ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах тухай тус бүс нутагт үйлчилж байсан хэд хэдэн дүрэм журмыг хүчингүй болгожээ.
Эсэргүүцэл, маргаан дэгдээсэн энэ хуулийг Америкийн банк, Пейпал, Дойче банк, Эппл корпораци бойкотлоод байна. Мөн хэд хэдэн алдартай дуучин энэ хуулиас үүдэн Умард Каролинад зохион байгуулах байсан концертоо цуцалжээ. Тус хууль АНУ-ын холбооны хууль дахь тэгш эрхийн тухай заалт, мөн хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах тухай заалтыг шууд зөрчсөн гэж АНУ-ын ерөнхий прокурор Лоретта Линч үзэж байна.
Иймээс АНУ-ын Хууль зүйн яам Умард Каролинад батлагдсан шинэ хуулийг хүчингүй болгуулахаар шүүхэд зарга үүсгэсэн байна. Умард Каролина муж улсын захиргаа үүний хариуд АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгнө гэдгээ зарлажээ.
Умард Каролина муж улсын эсрэг шүүхэд зарга үүсгэв | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.