
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрбээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, төр, засаг, цэргийн дээд командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улс оронд үүссэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед авран туслах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал үйлдэж үе үеийн удирдлагууд байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.
Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа | ||
Үзсэн: 1427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.