Шууд Chart

Австрали улсын хамгийн алдартай гэрийн тэжээмэл матар 70 нас хүрлээ

2016-05-10 16:07:54

Орчин үед хөрөнгө мөнгөтэй хүмүүс ховор ан амьтан тэжээх нь элбэг болсон. Саудын Арабд арслан, бар тэжээдэг хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл Австрали улсын хамгийн алдартай гэрийн тэжээмэл матар энэ жил 70 нас хүрсэн байна. Тус улсын хойд бүсэд байрлах Дарвины муж нь баячуудад зориулсан тансаг эдлэн газруудтай. Эдний нэгэнд Харитосын гэр бүлийнхэн амьдардаг бөгөөд тэдний ар талын усан санд нь Австралийн хамгийн алдартай далайн усны матар сүүлийн хэдэн арван жилийн турш амьдарч байгаа юм.

Хелен Харитосыг бага байхад нь түүний өөд болсон эцэг 1958 оны зул сарын баяраар түүнд ер бусын бэлэг барьсан нь энэ матар байжээ. Түүнээс хойш Алберт нэртэй энэ эмэгчин матар тэдний гэр бүлийн нэг гишүүн болон үлдсэн байна. Одоо тэдний гэрийн арын бүс ширэнгэн ойг санагдуулдаг бөгөөд матартаа зориулан тусгайлан тохижуулсан гэнэ. Албертийн хувьд тусгай нүхээр тавьж өгсөн загасаар хооллодог байна. Хэдийгээр энэ гэр бүлд маш олон жил амьдарсан ч дөрвөн метрийн урттай энэ аврага араатанд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг түүний эзэн Хелен Харитос сэтгүүлчдэд санууллаа. Энэ жил Алберт далан нас хүрч байгаа юм.

Ер нь матар нь хүнтэй ойролцоо насалдаг цөөхөн амьтдын нэг. Далайн матрууд ойролцоогоор 70 орчим насалдаг гэсэн судалгаа байдаг тул ойрын үед Алберт гэр бүлээ орхиж магадгүй бололтой. Гэхдээ түүний хувьд хамгийн урт амьдарсан гэрийн тэжээмэл матар гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд бүртгүүлэх юм байна.                 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австрали улсын хамгийн алдартай гэрийн тэжээмэл матар 70 нас хүрлээ  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй