Шууд Chart

Каннын 69 дэх удаагийн кино наадам эхэллээ

2016-05-12 16:31:07

Өчигдөр Франц улсын Канн хотноо кино сонирхогчид, мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг бас нэгэн үйл явдал болох Каннын олон улсын кино наадам эхэллээ. 69 дэх удаагийн энэхүү кино наадмыг найруулагч Вүүди Аллений “Кафе Сосайти” нэртэй киногоор нээж байгаа юм.

Энэ кинонд “Хиртэлт” буюу “Твайлайт” киногоороо бидний танил болсон Кристен Стюарт, мөн “Нау Юү Си Ми” киноны Жесси Айзенберг нар тоглосон байна. Холливудын амьдралын сонгомол жишээ гэгдэж байгаа энэ кинонд 1930-аад онд залуу эрэгтэй Лос Анжелес руу нүүж, кинонд тоглон, улмаар хайр дурлалтай учрах зэргээр амьдралын олон адал явдалтай тулгардаг.

Каннын кино наадам энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Каннын кино наадмын дээд шагнал “Алтан далдуу мод” хүртэх киног тодруулах шүүгчдийг энэ онд “Галзуу Макс 4” киноны найруулагч Жон Миллер ахалж байна. 69 дэх удаагийн энэ кино наадмаар Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг нийтдээ 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж байгаа юм. Эдгээрээс 20 нь гол тэмцээнд өрсөлдөнө.

Каннын кино наадмын эргэн тойронд олон нийтийн анхаарлыг багагүй татсан бас нэг сэдэв нь аюулгүй байдал. Зургаан сарын өмнө Францын нийслэлд 130 хүн амь үрэгдсэн террорист халдлага гарсантай холбогдуулан Канн хотноо болж байгаа энэхүү кино наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд наадмыг зохион байгуулагчид аюулгүйн албаны 400 албан хаагч нэмж дайчилсан байна. Мөн цагдаа, тусгай хүчний албан хаагчид энэ сарын 11-нээс 22-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Каннын 69 дэх удаагийн кино наадам эхэллээ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй