
Түргэн тусламжийг шуурхай үзүүлж, хүний амь аврах ажилд нэг хором ч үнэтэй байдаг. Тэгвэл эдгээр алтан агшинг аль болох хэмнэхийн тулд Их Британийн хүүхдийн эмч нар “Формула 1” уралдааны механикчдаас суралцаж байна. “Формула 1” уралдааны үеэр механикчид уралдааны автомашины 1 дугуйг солиход ердөө 2 секунд зарцуулдаг. Гэхдээ энэ богино хугацаанд дугуйг найдвартай бэхлээгүй тохиолдолд уралдааны машины нисгэгчийн амь нас аюулд орох осолтой.
Яг үүнтэй адилаар түргэн тусламжийн машин хүүхдийг эмнэлэгт хүргэсний дараа хүлээн авах тасгийнхан хэр шуурхай ажиллаж, хүүхдийг шаардлагатай эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжид хүргэж байна гэдгээс тухайн хүүхдийн амь нас аврагдах эсэх шалтгаалдаг байна. Иймээс Их Британийн түргэн тусламжийн эмч нар хүүхдийг эмнэлэгт хүргэх, хүлээн авах тасагт шилжүүлэхэд зарцуулдаг хугацааг бууруулахын тулд “Формула 1”-ийнхэнтэй адил сургуулилт хийж эхэлжээ. “Формула 1”-ийн механикчид уралдааны улирал бүрт 2 мянган удаа дугуй солих сургуулилт хийж, сургуулилт бүртээ дугуй солих хугацаагаа секундыг олон дахин хуваасантай тэнцэх хэмжээгээр ч болов бууруулж, цаг хэмнэхээр оролддог. Яг үүнтэй адилаар түргэний эмч нар сургуулилж байгаа юм.
Сургуулилтын үр дүнд түргэн тусламж яаралтай хүргэхэд саад болж байсан илүүдэл багаж хэрэгслийг цөөлсөн байна. Мөн хүүхдийг сэхээн амьдруулах ажиллагааг түргэн тусламжийн эмчийн хувцсан дахь камераар бичиж, туршлага судалдаг болжээ. Их Британийн эмч нар бусад салбарынхнаас туршлага судалж байгаа анхны тохиолдол энэ биш юм байна. Ферраригийн “Формула 1”-ийн баг Лондон хотын Ормонд Стрит эмнэлэгтэй хамтран ажиллаж, хүүхдүүдийг эрчимт эмчилгээний тасагт шуурхай хүргэх аргыг сайжруулж байсан удаатай юм.
Их Британийн хүүхдийн эмч нар “Формула 1” уралдааны механикчдаас суралцаж байна | ||
Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.