1956 оноос хойш Европ тивийн авьяаслаг дуучдын өрсөлдөх индэр болж ирсэн Евровишн дууны уралдаан энэ оны ялагчаа тодрууллаа. Крымын татарчуудын эмгэнэлт түүхийг өгүүлсэн дуугаараа Украин улсыг төлөөлөн оролцсон татар гаралтай дуучин Жамала “Евровишн 2016”-гийн ялагчаар тодорсон байна. Түүний жинхэнэ нэр нь Суса́нна Джамалади́нова боловч тайзан дээр Жамала гэх товч нэрээрээ алдаршсан юм.
Эдүгээ 32 настай энэхүү дуучин өөрөө Крымын татар гаралтай бөгөөд ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины удирдлага дор Крымын татарчууд нутаг заан цөллөгдөх болсон үеийн тухай “1944” гэх гунигт дуугаар энэ оны Евровишн тэмцээнд оролцжээ. Украин улс Евровишн наадамд Крымын татар гаралтай дуучин сонгон оролцуулж, Крымын бүс нутгийн тухай улс төрийн утга агуулгатай дууг дуулуулахаар шийдвэрлэсэн нь Крымыг 2014 онд өөртөө нэгтгэн авсан ОХУ-ын зүгээс наадмын өмнө ширүүн шүүмжлэл дагуулж байсан юм. Хэдийгээр Евровишнд улс төрийн утга агуулгатай дуугаар оролцохыг хориглодог ч, Жамалагийн дуу Крымын эдүгээгийн нөхцөл байдал бус, өнгөрсөн түүхийг өгүүлсэн хэмээн зохион байгуулагчид энэ дуугаар Украиныг төлөөлөхийг зөвшөөрчээ.
Ийнхүү энэ оны Евровишн наадмын анхаарлын төвд байсан Жамала үзэгчдийн болон шүүгчдийн саналаас нийтдээ 534 оноог цуглуулсан байна. Харин Австралийн оролцогчид 511 оноогоор 2 дугаар байрт, ОХУ 491 оноогоор 3 дугаар байрт шалгарчээ. Австралийн оролцогч шүүгчдээс хамгийн өндөр оноо цуглуулсан бол ОХУ үзэгчдээс хамгийн олон санал авсан байна. Харин нийт дүнгээрээ Украины оролцогч Жамала Евровишний түүхэнд хамгийн өндөр оноо хүртсэн оролцогч боллоо.
"Eurovision-2016" наадмын ялагчаар Украины дуучин тодорлоо | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.